Дэлхийг шүүх Түүнийг магтъя
Дуулал.
98 1 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун,
Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн
Түүний баруун гар ба Түүний ариун мутар
Түүнд авралыг гүйцэтгэсэн.
2 ЭЗЭН авралаа мэдүүлсэн.
Тэрээр үндэстнүүдийн нүдэнд
Зөвт байдлаа илчилсэн.
3 Тэрээр Израилын гэрт хандсан
Энэрэл хайр ба үнэн юугаа санасан.
Дэлхийн зах хязгаарынхан бүгд
Бурханы маань авралыг үзсэн.
4 Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун!
Дуу гарган баярлан дуулж, магтан дуулагтун!
5 Ятгаар болон ая эгшгээр,
Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун!
6 Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар
ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун!
7 Далай болон түүний доторх бүх юмс,
Ертөнц болон түүн дээр оршигч бүхэн нүргэлэг!
8 ЭЗЭНий өмнө гол мөрнүүд алга ташин
Уул нурууд баярлан дуулаг,
9 Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөвтөөр,
Ард түмнийг чигч шударгаар шүүх болно.