ЭЗЭН аугаа бас сайн сайхан
33 1 Зөвт хүмүүс ээ,
ЭЗЭН дотор баярлан дуулагтун!
Чигч шударга хүн магтан дуулах нь зохистой.
2 Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө.
Арван чавхдаст пийпаа хөгжмөөр
Түүнд магтаалуудыг дуулагтун!
3 Түүнд шинэ дууг дуул,
Баярт дуугаар уран чадварлаг тогло!
4 Учир нь, ЭЗЭНий үг зөв шударга агаад
Бүх бүтээл нь итгэлтэйгээр хийгдсэн билээ.
5 Тэрээр зөв ба шударга ёсыг хайрладаг.
Дэлхий ЭЗЭНий
Энэрэл хайраар дүүрэн билээ.
6 ЭЗЭНий үгээр тэнгэрс,
Амных нь амьсгалаар тэдгээрийн
Түг түмд бүгдээрээ бүтээгдсэн.
7 Тэрээр далайн усыг овоо адил
Хамтад нь цуглуулдаг.
Гүний усыг агуулахад хуримтлуулдаг.
8 Хамаг дэлхий ЭЗЭНээс эмээгтүн,
Ертөнцийн бүх оршин суугчид
Түүнийг хүндэтгэгтүн!
9 Учир нь Түүнийг айлдваас
Тэр нь биелнэ.
Түүнийг тушаах аваас
Тэр нь буй болно.
10 ЭЗЭН үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийж
Ард түмнүүдийн бодлыг үр дүнгүй болгоно.
11 ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд,
Зүрхнийх нь санаа үеийн үед.
12 Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг үндэстэн,
Өв юугаа болгохоор Түүний сонгосон ард түмэн
Ерөөлтэй еэ!
13 ЭЗЭН тэнгэрээс ажиж
Хүний хөвгүүдийг бүгдийг нь хардаг.
14 Сэнтийнхээ газраас Тэрээр
Дэлхийн бүх оршин суугчдыг ширтдэг.
15 Бүгдийн зүрхийг бүтээсэн Тэрээр
Бүгдийн үйлсийг анхаардаг юм.
16 Цэргийн олноор ялах хаан гэж үгүй.
Хүчний ихээр чөлөөлөгдөх баатар гэж үгүй.
17 Аврал хэрэгтэй үед морь дэмий,
Их тэнхээгээрээ хэнийг ч чөлөөлж үл чадна.
18 Харагтун, ЭЗЭНий мэлмий
Өөрөөс нь эмээгчдийг,
Хайр энэрэлд нь найдагчдыг хардаг.
19 Тэдний амийг үхлээс аварч,
Өлсгөлөн дунд ч амьд үлдээдэг.
20 Сэтгэл маань ЭЗЭНийг хүсэн хүлээдэг
Тэр бидний тусламж,
Бидний бамбай билээ.
21 Бид ариун нэрд нь итгэдэг учраас
Зүрх маань Түүнд баярладаг.
22 ЭЗЭН, Танд бидний найдсан ёсоор
Хайр энэрэл тань бидний дээр байх болтугай!