ЭЗЭНий аугааг магтагтун!

150 1 ЭЗЭНийг магтагтун!
Бурханыг ариун газарт нь магтагтун!
Түүнийг хүчирхэг огторгуйд нь магтагтун!
2 Хүчит үйлсийнх нь төлөө
Түүнийг магтагтун!
Эрхэм аугаагийнх нь дагуу
Түүнийг магтагтун!

3 Бүрээн дуугаар Түүнийг магтагтун!
Босоо ятга ба ятгаар Түүнийг магтагтун!
4 Хэнгэрэг дэлдэн бүжиг бүжиглэн
Түүнийг магтагтун!
Чавхдаст хөгжим, лимбээр
Түүнийг магтагтун!
5 Чанга цан хөгжмөөр
Түүнийг магтагтун!
Цангинах цан хөгжмөөр
Түүнийг магтагтун!
6 Амьсгалтай бүхэн
ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНийг магтагтун!