Дайснаас чөлөөлөгдөхийн төлөө залбирал
Удирдаачид: Бүү устгаач аялгуунд. Саул өөрийг нь алахаар гэрийг нь тандаж байх үеийн Давидын миктам.
59 1 Бурхан минь ээ, намайг
Дайснуудаас минь чөлөөлөөч.
Миний эсрэг босогчдоос
Намайг холдуулаач.
2 Ёс бусыг үйлдэгчдээс
Намайг чөлөөлөөч.
Цус урсгадаг хүмүүсээс
Намайг авраач.
3 Гэмт үйлдэл эсвэл нүгэл би хийгээгүй атал
Харагтун, ЭЗЭН!
Тэд амийг минь отож байна.
Хүчит хүмүүс миний эсрэг цугларч байна.
4 Хилэнц байхгүй атал
Тэд гүйн ирж, байрлалаа эзэлж байна.
Надтай уулзахаар босооч, хараач.
5 Түг түмдийн Бурхан ЭЗЭН,
Израилын Бурхан,
Та бүх үндэстнийг шийтгэхээр босооч.
Ёс бусыг тэрслэн үйлдэгчдийг
Бүү өршөөгөөч. Села
6 Тэд үдшээр эргэж ирээд,
Нохой мэт гийнаж,
Хотыг тойрон явна.
7 Амнаасаа урсгаж буй юмыг нь хараач.
Уруул дээр нь илд байна.
“Хэн сонсох юм бэ?” гэж хэлэвч
8 ЭЗЭН, Та тэднийг шоолж инээнэ.
Та бүх үндэстнийг тохуурхана.
9 Хүч чадал минь ээ,
Таныг би харах болно,
Учир нь Бурхан миний бат цайз.
10 Бурхан минь энэрэл хайраараа
Намайг угтан авна.
Бурхан минь надад
Дайснуудаа харахыг зөвшөөрнө.
11 Тэднийг бүү алаач,
Эс тэгвээс хүмүүс минь мартана.
Бидний бамбай Эзэн,
Хүч чадлаараа тэднийг тарааж,
Дорд болгооч.
12 Уруулынх нь үгс тэдний амны нүгэл
Өөрсдийн хэлдэг хараал, худлаар
Бардамнал дотроо тэд урхидуулдаг.
13 Уур хилэнгээр сөнөөгөөч.
Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч.
Иаковыг Бурхан захирдаг гэдгийг
Дэлхийн хязгаарт хүртэл мэдэх болно. Села
14 Тэд үдшээр эргэж ирээд,
Нохой мэт гийнаж,
Хотыг тойрон явна.
15 Идэх юм эрэн тэнүүчилж,
Цадаагүй бол шөнөжин архирдаг.
16 Харин би хүч чадлыг тань дуулна.
Өглөөгүүр хайр энэрлийг тань
Баяр хөөртэйгөөр дуулна.
Учир нь Та зовлон шаналлын минь өдөр
Миний бат цайз,
Хоргодох газар минь байсаар ирсэн.
17 Хүч чадал минь ээ,
Би Таныг магтан дуулна.
Учир нь Бурхан бол миний бат цайз
Надад энэрэл хайраа үзүүлдэг Бурхан.