Тэвчээр ба итгэлийн сургамж
Давидаас.

37 1 Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов,
Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.
2 Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна.
Ургамал ногоо шиг хагдарна.

3 ЭЗЭНд итгэж, сайныг үйлд
Газар нутагт сууж,
Үнэнч байдлыг хоолоо болго.
4 ЭЗЭНд баярлагтун
Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.

5 ЭЗЭНд замаа даатга,
Түүнд итгэж найд
Тэгвэл Тэр биелүүлж өгнө.
6 Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил,
Шударга хэргийг чинь үд дунд мэт гийлгэнэ.

7 ЭЗЭН дотор дуугүй байж,
Түүнийг тэвчээртэйгээр хүлээ!
Өөрийнхөө замаар амжилт ологчоос
Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц!
8 Уурлахаа больж, хилэнгээ хая.
Бүү эгдүүц, энэ нь зөвхөн мууд хүргэнэ.
9 Мууг үйлдэгчид таслагдана,
Харин ЭЗЭНийг хүлээгчид
Газар нутгийг өвлөнө.

10 Тун удахгүй бурууг үйлдэгсэд үгүй болно
Чи байрыг нь анхааралтай харавч түүнийг олохгүй
11 Харин даруу нэгэн газар нутгийг өвлөж,
Дүүрэн амар амгаланд умбана.*

12 Буруут нь зөвтийн эсрэг хуйвалдаж,
Түүн рүү шүдээ хавирна.
13 Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул
Өөдөөс нь Тэр инээнэ.

14 Ядуу зүдүү хийгээд гачигдагсдыг хөсөр унагаж,
Үйлсээрээ чигч шударга хүмүүсийг алахаар
Гэм буруут хүн илдээ сугалж, нумаа хөвчилжээ
15 Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож,
Нумууд нь хугарах болно.

16 Зөв хүний жаахан юм нь
Буруу олны элбэг дэлбэгээс хавьгүй дээр.
17 Учир нь буруутын гар хугалагдана
Зөвтийг ЭЗЭН дэмжинэ.

18 Чигч шударгын өдрүүдийг ЭЗЭН мэднэ.
Тэдний өв мөнхөд байна.
19 Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй,
Өлсгөлөнгийн өдрүүдэд ч цадах болно.

20 Харин гэм буруут хүн мөхнө.
ЭЗЭНий дайснууд бэлчээрийн цэцэг мэт болноa
Утаа мэт замхарна.

21 Буруут хүн зээлээд буцааж эс өгнө
Зөвт хүн харин өгөөмрөөр өгдөг.
22 Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө,
Түүгээр хараагдагсад таслагдана.

23 Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогдох агаад
Замд нь Тэр баярладаг.
24 Тэрээр бүдрэвч газар хөсөр унахгүй
Учир нь ЭЗЭН мутраараа түшдэг.

25 Би залуугаасаа хөгширтлөө
Зөв шударга хүн хаягдахыг,
Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.
26 Тэр үргэлж элэгсэг агаад зээлүүлдэг.
Үр удам нь ерөөлтэй.

27 Нүгэл муугаас эргэж, сайныг үйлд,
Тэгвэл чи мөнхөд орших болно.
28 Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрлах агаад
Итгэмжит хүмүүсээ үл орхино.
Тэд мөнхөд хамгаалуулсан,
Харин хорон муу хүний удам таслагдана.
29 Зөвт нь газар нутгийг өвлөж,
мөнхөд оршин сууна.

30 Зөвтийн ам ухааныг хэлж
Хэл нь зөвийг өгүүлдэг.
31 Зүрхэнд нь Бурханых нь хууль оршиж,
Алхамд нь алдаа эс байдаг.

32 Зөвтийг буруут сэм анаж
Хөнөөхийг санаархдаг.
33 ЭЗЭН түүнийг буруутын гарт орхихгүй
Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруутгуулахгүй.

34 ЭЗЭНийг хүлээж, замыг нь дага,
Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр
Тэр чамайг өргөмжилнө.
Муу хүн таслагдахад чи үүнийг үзнэ.

35 Саглагар модb шиг өөрийгөө сагсайлгадаг
Буруу явдалт харгис хүнийг би харсан билээ.
36 Тэгээд тэрc өнгөрсөн,
Харагтун, тэр алга болсон.
Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.

37 Өөлөх өөгүйг тэмдэглэж,
Үнэнч шулууныг үзэгтүн.
Ийм хүмүүний ирээдүй
Энх тунх билээ.
38 Харин тэрслэгчид цөмөөрөө устгагдана
Бурууг үйлдэгсдийн ирээдүй таслагдана.

39 Зөвтийн аврал ЭЗЭНээс ирнэ.
Зовлон шаналангийнх нь цагт
Хүч чадал нь Тэр билээ.
40 ЭЗЭН тэдэнд тусалж, чөлөөлдөг.
Дотор нь хоргоддог тул тэднийг
Хорон муу хүнээс Тэр чөлөөлж, авардаг.


  • 37:11 Мт 5:5
  • a37:20 эсвэл Тэд бэлчээрийн тарган хурга шиг болно, тахил болж, утаа мэт замхарна
  • b37:35 ЭЗО: Ливаны хуш шиг
  • c37:36 ЭЗО: Би