Зөрүүд Израилд хандсан Бурханы уриалга
Удирдаачид: Гит дээр. Асафын дуулал.

81 1 Хүч маань болсон Бурханд баярлан дуул.
Иаковын Бурханд баярлан хашхир.
2 Дуу өргөж, товшуур цохиж,
Сонсголонт ятгыг босоо ятгатай хамт дуугарга.
3 Бидний баярын өдөр, шинэ сар,
Тэргэл сартайд бүрээ үлээгтүн!*
4 Учир нь Израилд зориулсан зарлиг,
Иаковын Бурханы шийдвэр энэ юм.
5 Тэрээр Египет нутаг даяар явахдаа
Иосефын дотор зарчмыгa тогтоосон.

Би мэдэхгүй хэлээ сонсов.
6 “Би мөрнөөс нь ачааг буулгаж,
Гарыг нь сагснаас чөлөөлөв.
7 Зовлон шаналан дотор
Чи хашхирсан бөгөөд
Би чамайг мултруулав.
Аянгын нууц газраас чамд хариу өгч
Чамайг Мерибагийн усны дэргэд Би туршсан. * Села
8 Хүмүүс ээ, Намайг гэрчилж байхад сонсогтун.
Израил аа, чи Намайг сонссон ч болоосой!
9 Дунд чинь гаднын бурхан бүү байг.
Харийн бурханд та нар бүү мөргө.*
10 Египет нутгаас та нарыг удирдан гаргасан
ЭЗЭН Бурхан чинь Би юм.
Амаа том ангайлга,
Би дүүргэе.

11 Гэвч Миний хүмүүс дууг минь сонссонгүй
Израил ч Намайг дагасангүй.
12 Иймээс Би тэднийг зоргоор нь явуулахын тулд
Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаасан.
13 Хүмүүс минь Намайг сонсож,
Израил Миний замаар явсан ч болоосой!
14 Тэгсэн бол Би дайснуудыг нь хурдан дарж,
Мутраа өстнүүдийнх нь эсрэг эргүүлэх байсан.
15 ЭЗЭНийг үзэн ядагсад
Түүнд сөхрөн бөхийх байсан
Тэдний цаг мөнхөд үргэлжлэх байсан.
16 Дээд зэргийн буудайгаар тэднийг хооллож,
Хаднаас гарсан балаар Би хангах байсан.”


  • 81:3 Тоо 10:10
  • a81:5 евр. гэрчлэл
  • 81:7 Гэт 17:7; Тоо 20:13
  • 81:9–10 Гэт 20:2–3; Дх 5:6–7