Зөвтийн өшөөг авагч

94 1 Өшөө авалтын Бурхан ЭЗЭН,
Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!
2 Дэлхийн Шүүгч ээ, босож,
Бардамнагчдад үйлийнх нь хариуг өгөөч!
3 ЭЗЭН, хэдий болтол буруутууд,
Хэдий болтол гэм нүгэлтнүүд
Баярлаж цэнгэх вэ?

4 Тэд дээрэлхүү үгсийг ярьдаг.
Ёс бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг.
5 Өө ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж,
Таны өвийг зовоодог.
6 Тэд бэлэвсэн эмэгтэй ба цагаач хүнийг алж,
Өнчнийг хороодог.
7 Тэд “ЭЗЭН хардаггүй,
Иаковын Бурхан анзаардаггүй” гэдэг.

8 Ард түмний дундах бодлогогүйчүүд ээ, ухаарцгаа!
Тэнэгүүд ээ, та нар хэзээ ойлгох юм бэ?
9 Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү?
Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?
10 Үндэстнүүдийг гэсгээдэг,
Мэдлэгийг хүмүүнд заадаг
Тэрээр зэмлэхгүй гэж үү?
11 Хүний эргэцүүлэл нь дэмий хоосон гэдгийг ЭЗЭН мэддэг.*

12 Өө ЭЗЭН, Таны гэсгээдэг,
Бас хуулиасаа заадаг хүн ерөөлтэй еэ!
13 Ингэснээр гэм буруутанд нүх ухах хүртэл
Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан амар тайвныг өгнө.
14 Учир нь ЭЗЭН ард түмнээ эс хаяж,
Өв юугаа ч эс орхино.
15 Учир нь шүүх дахин зөв шударга болж,
Зүрх шулуун бүхэн түүнийг дагана.

16 Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн
Миний төлөө босох вэ?
Хэн ёс бусыг үйлдэгчийг эсэргүүцэн
Миний төлөө зогсох вэ?
17 Хэрэв ЭЗЭН надад тус болоогүй бол
Сэтгэл минь удахгүй чимээгүйн дунд орших байсан.
18 “Миний хөл халтирлаа” гэж бодох үед минь
Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань намайг түшдэг.
19 Миний дотор санаа зовоосон бодол олшроход
Таны тайтгаруулал зүрх сэтгэлийг минь баясгадаг.
20 Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн
Хорлолын сэнтий Тантай эвсэж чадах уу?
21 Тэд хамтдаа зөвт хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж,
Гэмгүй цусанд үхлийн ял өгдөг.
22 Харин ЭЗЭН миний бат цайз,
Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн.
23 Тэр тэдний хорон мууг
Өөрсөд дээр нь авчирсан бөгөөд
Тэднийг хорон муугийнх нь дотор устгана.
ЭЗЭН Бурхан маань тэднийг устгана.


  • 94:11 1Ко 3:20