Бэрхшээлт үеийн залбирал

43 1 Өө Бурхан, намайг зөвтгөж,
Итгэмжгүй үндэстний эсрэг
Хэргийг минь дэмжээч!
Хуурмаг, шударга бус хүнээс
Намайг авраач!
2 Та бол хүч чадлын минь Бурхан.
Юунд Та намайг орхио вэ?
Юунд би дайсны дарангуйллаас болж
Гашуудан явна вэ?

3 Гэрэл ба үнэнээ илгээж,
Намайг тэднээр удирдуулаач,
Ариун уул ба орших газартаа
Намайг тэднээр авчруулаач!
4 Тэгээд Бурханы тахилын ширээнд
Би хүрч очно.
Аяа Бурхан, Бурхан минь,
Таныг би босоо ятгаар магтана
Бялхам баяр баясал минь
Бурханых билээ.

5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймэрнэ вэ?
Бурханд найд,
Миний тусламж, миний Бурхан,
Түүнийгээ би дахин магтах болой.