Хүмүүний буруу ба Бурханы сайн сайхан
Удирдаачид. ЭЗЭНий зарц Давидаас.
36 1 Буруутын голт зүрхэнд
Гэмт үйлдэл нь ярих агаад,
Бурханаас эмээхүй гэдэг
Тэдний нүдэнд үгүй.*
2 Нүдэндээ тэд өөрсдийгөө дөвийлгөх тул
Хилэнцээ олж харахгүй, жигшиж чадахгүй.
3 Амнаас нь гарах үгс хорон бөгөөд хуурамч
Ухаалаг хандах, сайныг үйлдэхээ тэд зогсоожээ.
4 Хорон муу санаагаа орондоо сэдэж,
Өөрийгөө гэмт буруугийн зам дээр зогсооно.
Ёрын үйлийг үл жигшинэ.
5 ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий!
Таны итгэмж үүлэнд ч хүрнэ.
6 Таны зөвт байдал
Бурханы уулстай адил,
Таны шүүх их оёоргүй гүний адил
ЭЗЭН, Та хүнийг бас амьтныг хамгаалдаг.
7 Аяа Бурхан! Таны энэрэл хайр хэчнээн үнэтэй вэ!
Хүмүүний хүүхдүүд Таны жигүүрийн сүүдэр дор хоргодно.
8 Тэд Таны өргөөн дэх тос нүнжгээр дүүрнэ.
Тааламжит голоосоо Та тэднийг ундаална.
9 Танд амийн ундарга бий.
Таны гэрэл гэгээнд л
Бид гэрэл гэгээг хардаг.
10 Таныг таньж мэдэгчдэд
Энэрэл хайраа үргэлжлүүлэн
Чигч шударга зүрхтэнд
Зөвт байдлаа хүртээгээч!
11 Бардамнагчийн хөл надад бүү хүрэг!
Бурууг үйлдэгчийн гар намайг бүү зайлуулаг!
12 Ёс бусыг үйлдэгчид тэнд унасан
Тэд газар хөсөр унаад,
Дахин босож үл чадна!
- 36:1 Ром 3:18