Үндэстнээрээ тохуурхагдах үеийн гуйлт
Асафын маскил.
74 1 Бурхан, яагаад Та үүрд орхисон бэ?
Яагаад Таны уур
Бэлчээрийнхээ хонин сүргийн эсрэг уугина вэ?
2 Эрт үеэс арилжин авч,
Өвийнхөө овог болгохоор зольсон
Хотол түмнээ бас оршин суусан газраа,
Энэ Сион уулыг ч Та санаач.
3 Алхаагаа үүрдийн балгас руу чиглүүлээч,
Ариун газрын доторх бүхнийг өстнүүд бусниулсан байна.
4 Өстнүүд тань уулзалтын майханд хүрхэрч,
Өөрсдийнхөө тугийг тэд тэмдэг болгон босгожээ.
5 Энэ нь хэн нэгэн хүн ой модонд
Сүхээ өргөсөн юм шиг харагдаж байна.
6 Түүн дээрх бүх сийлбэрийг
Тэд сүх, лантуугаар хэмхэлж байна.
7 Таны ариун газарт гал тавьж,
Нэр тань оршдог газрыг бузарлажээ.
8 “Тэднийг бүрэн устгацгаая” гэж
Тэд зүрхэндээ хэлж байна.
Нутаг даяар, Бурханы уулзалтын майхныг
Бүгдийг нь тэд шатаажээ.
9 Манай тэмдгүүд харагдахгүй байна.
Эш үзүүлэгч ч алга бөгөөд
Энэ хэр удахыг мэдэх хүн ч дунд маань алга.
10 Бурхан, өстөн хэдий болтол тохуурхах вэ?
Нэрийг тань дайсан мөнхөд хараан зүхэх гэж үү?
11 Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ?
Өвөр дотроосоо тэднийг устгаач!
12 Бурхан эртнээс миний Хаан бөгөөд
Тэрээр дэлхийн дунд
Авралыг гүйцэлдүүлдэг.
13 Хүчээрээ далайг хувааж,
Усан доторх луунуудын толгойг Та бяцалсан.*
14 Левиатаны толгойнуудыг Та няц дарж,
Цөлийн амьтдадa хүнс болгон өгсөн.*
15 Горхи ба булгийг тасалж
Хүчит урсгалуудыг Та ширгээсэн.
16 Өдөр Таных, шөнө ч бас Таных,
Гэрэлтүүлэгч хийгээд нарыг
Та бэлтгэсэн.
17 Дэлхийн бүх хил хязгаарыг
Та тогтоосон.
Зун хийгээд өвлийг
Та буй болгосон.
18 ЭЗЭН, дайсан хэрхэн тохуурхаж,
Мунхаг хүмүүс нэрийг тань
Үл тоомсорлон зүхсэнийг санаач.
19 Тагтааныхаа амийг
Зэрлэг амьтдад бүү өгөөч.
Зүдэрсэн нэгнийхээ амийг
Үүрд бүү мартаач.
20 Гэрээг эргэн хараач.
Учир нь дэлхийн харанхуй газрууд нь
Хүчирхийлэгчдийн сууцаар дүүрчээ.
21 Хэлмэгдэгчийг ичгүүрээр бүү буцаагаач.
Зүдрэгсэд ба гачигдагсад нэрийг тань магтаг.
22 Бурхан, босож хэргээ өмгөөлөөч.
Мунхаг нэгэн өдөр бүр Таныг
Хэрхэн тохуурхаж буйг санаач.
23 Өстнүүдийнхээ дууг бүү мартаач.
Таны эсрэг босогчдын
Чимээ шуугиан үргэлж нэмэгдсээр байна.
- 74:13 Гэт 14:21
- a74:14 эсвэл хүмүүст
- 74:14 Иов 41:1; Дуу 104:26; Иса 27:1