Урвалтын талаарх гомдол
Удирдаачид: утсан хөгжим дээр. Давидын маскил.

55 1 Бурхан, залбиралд минь чих тавиач.
Намайг гуйхад бүү нуугдаач.
2 Намайг анхаараач, надад хариулаач.
Би шаналал дотроо ёолон, үнэхээр үймэрч байгаа нь
3 Дайсны дуу хийгээд
Муу хүний дарамтаас болсон юм.
Тэд над дээр хөнөөл авчирч
Уурандаа тэд намайг үзэн ядаж байна.

4 Миний дотор зүрх минь дэлсэж,
Үхлийн айдас намайг нөмөрчээ.
5 Айдас, дагжил надад ирж,
Би аймшигт автжээ.
6 “Би тагтаа шиг жигүүртэй ч болоосой!
Тэгвэл нисэн одож, амрахсан.
7 Харагтун, алс хол дайжиж,
Цөлд хоноглохсон. Села
8 Салхи, шуурга, хуй салхинаас
Зугтах газартаа яарахсан” гэж би хэлэв.

9 Хүчирхийлэл хийгээд тэмцлийг хотод харлаа.
Хэл яриаг нь Эзэн Та хутгалдуулаач
10 Тэр хотод ёсон бус явдал, зовлон бий.
Тэдгээр нь хэрмэн дээр нь өдөр шөнөгүй явдаг.
11 Түүн дотор хорлол бий.
Худал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй.

12 Намайг доромжилдог хүн нь
Миний дайсан минь биш байлаа.
Тийм байсан бол би тэсэхсэн.
Миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг хүн нь
Намайг үзэн ядагч биш байлаа.
Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.
13 Харин тэр нь надтай ижил нэгэн,
Миний анд ба дотнын найз минь билээ.
14 Бид хамтдаа таатай чуулал хийж,
Бурханы өргөөнд олны дунд алхаж байсан.
15 Үхэл тэднийг залгин хоосруулаг.
Үхэгсдийн орон руу амьдаараа яваг.
Учир нь амьдардаг газар нь ч, тэдний дотор нь ч ёрын муу юм.

16 Харин би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.
17 Үдэш, өглөө болон үд дунд ч би үглэн гомдоллох бөгөөд
Тэрээр дууг минь сонсоно.
18 Миний эсрэг олноороо эгнэсэн тул
Тэрээр тулаанаас амийг минь амар тайвнаар аварна.
19 Эртнээс оршигч нэгэн болох
Бурхан сонсоод тэдэнд хариулна. Села
Тэд үл өөрчлөгдөх бөгөөд Бурханаас ч эс эмээнэ.

20 Өөртэй нь тайван байгчдын эсрэг тэрээр гараа сунгаж,
Тэрээр гэрээгээ зөрчжээ.
21 Түүний ам хэл цөцгийн тосноос ч ялдам байсан,
Харин зүрхэнд нь дайсагнал байв.
Үгс нь чидун тосноос ч уян зөөлөн байсан,
Гэвч тэд илд сугалсан байв.

22 Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшнэ.
Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.

23 Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана.
Цуст, мэхлэгч хүмүүс
Өдрүүдийнхээ хагасыг ч эдлэхгүй.
Харин би Танд итгэх болно.