Бурханы аугаа ба сайн сайхан
Давидын өргөсөн магтаал.
145 1 Аяа Хаан болох Бурхан минь,
Таныг би өргөмжилж,
Нэрийг тань үүрд мөнхөд магтана.
2 Өдөр бүр би Таныг магтаж,
Таны нэрээр үүрд мөнхөд сайрхана.
3 ЭЗЭН аугаа бөгөөд
Машид ихээр магтууштай
Аугаа нь илрүүлшгүй.
4 Нэг үеийнхэн нөгөөдөө
Таны үйлсийг магтаж,
Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.
5 Таны сүр хүчний жавхлант алдар болон
Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно.
6 Түүнчлэн сүрдмээр үйлсийн тань хүчийг ярина.
Мөн аугааг тань би тунхаглана.
7 Таны элбэг сайн сайхны дурсгалыг тэд уудалж
Таны зөвт байдлыг хашхиран дуулна.
8 ЭЗЭН нигүүлсэнгүй хийгээд өршөөнгүй,
Уурлахдаа удаан, хайр энэрлээр аугаа их юм.
9 ЭЗЭН бүгдэд сайн.
Түүний өршөөлүүд бүтээл бүхнийх нь дээр байна.
10 Аяа ЭЗЭН, Таны бүтээл бүхэн
Танд талархах бөгөөд
Итгэмжит хүмүүс тань Таныг магтацгаана.
11 Тэд хаанчлалын тань жавхлангийн тухай ярьж,
Таны сүр хүчний талаар өгүүлэх нь
12 Хүний хөвгүүдэд Таны хүчит үйлсийг болон
Хаанчлалын тань алдарт сүр жавхланг мэдүүлэхийн тулд болой.
13 Хаанчлал тань мөнхийн хаанчлал
Ноёрхол тань үеийн үед.
14 Унасан бүхнийг ЭЗЭН өндийлгөж,
Сөхөрсөн бүхнийг босгодог.
15 Бүхний нүд Тан руу чиглэн найддаг бөгөөд
Та товлосон цагт хүнсийг нь өгдөг билээ.
16 Та мутраа дэлгэн
Бүх амьтны хүслийг хангадаг.
17 ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд
Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.
18 ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд,
Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр билээ.
19 Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг.
Тэдний хашхирахыг нь бас сонсдог,
тэднийг авардаг.
20 Өөрийг нь хайрладаг бүхнийг ЭЗЭН хамгаалдаг,
Өөдгүй гэм буруутнуудыг Тэр харин устгана.
21 Ам минь ЭЗЭНийг магтан ярина.
Амьтай бүхэн ариун нэрийг нь
Үүрд мөнхөд магтах болтугай.