Мөнхийн Хаанаас тусламж эрэхүй
ЭЗЭНий өмнө гомдол шаналлаа уудлах зовлонт хүний залбирал.
102 1 Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонсооч!
Миний хашхираан Танд хүрэг.
2 Зовлон шаналлын минь өдөр
Нүүрээ надаас бүү нуугаач.
Над руу чихээ хандуулаач.
Миний дуудах өдөр
Надад даруйхан хариулаач.
3 Учир нь өдрүүд минь
утаа болон замхарч
Яснууд минь ч цуцал мэт төөнөнө.
4 Зүрх минь дарагдаж
Зүлэг ногоо шиг хагдрав.
Би талхаа идэхээ ч мартжээ.
5 Ёолох дуунаас минь болж
Яс минь махандаа наалдав.
6 Би цөлийн бэгбаатартай ижилсэж,
Зэлүүд нутгийн шар шувуу шиг болжээ.
7 Би сэрүүн хэвтэж,
Дээвэр дээрх ганц шувуу шиг болжээ.
8 Дайснууд минь намайг өдөржин доромжилж,
Надад хорссон хүмүүс
Өөдөөс минь харааж байна.
9 Үнсийг би талх шиг идэж,
Уух усаа нулимстайгаа би хольсон нь
10 Зэвүүцэл ба хилэнгээс тань болсон юм.
Дээш нь өргөөд Та намайг шидсэнийнх юм.
11 Өдрүүд минь уртассан сүүдэр адил болж,
Өвс шиг л би гандан хатаж байна.
12 Харин ЭЗЭН Та мөнхөд оршино.
Нэр тань үеийн үед байна.
13 Та босож, Сионыг өрөвдөнө.
Учир нь түүнийг нигүүлсэх цаг, тогтоосон цаг ирлээ.
14 Зарц нар тань Сионы чулуунуудад баярлаж,
Шороо тоосыг нь хүртэл нигүүлсэх болно.
15 Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс,
Дэлхийн бүх хаад алдраас тань эмээнэ.
16 Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулж,
Цог жавхлангийнхаа дунд үзэгдэнэ.
17 Үгээгүйчүүдийн залбирлыг анхаарч,
Үг залбирлыг нь Тэрээр жигшихгүй.
18 Хожим гарах ард түмэн
ЭЗЭНийг магтахын тулд
Ирэх үеийнхэнд энэ нь бичигдэнэ.
19 Тэрээр ариун өндөрлөгөөсөө өнгийн
Тэнгэрээс ЭЗЭН дэлхийг ширтсэн учир нь
20 Хоригдлын ёолохыг сонсож,
Үхэх хөвүүдийг чөлөөлж,
21 Сионд ЭЗЭНий нэрийг,
Йерусалимд Түүний магтаалыг
Тунхаглуулахын тулд билээ.
22 Ард түмнүүд бас хаанчлалууд
ЭЗЭНд үйлчлэхээр цугларна.
23 Зам зуур тэрээр чадлыг минь сулруулж,
Өдрүүдийг минь богиносгов.
24 Би хэлэхдээ “Бурхан минь ээ,
Өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач.
Жилүүд тань үеийн үед билээ.
25 Эрт үед дэлхийн суурийг Та тавьсан.
Тэнгэрс ч мутрын тань бүтээл юм.*
26 Тэд мөхөх боловч Та мөнх оршино.
Тэдгээр нь бүгд өмсгөл адил элэгдэнэ.
Тэднийг Та хувцас шиг сольж,
Тэд солигдоно.
27 Харин Та хэвээрээ,
Таны он жилүүдэд эцэс үгүй.
28 Зарц нарын тань хөвгүүд амьдарсаар,
Үр удам нь Таны өмнө бат зогсоно” гэлээ.
- 102:25–27 Евр 1:10–12