Дайсны эсрэг тусламж гуйхуй
Давидын залбирал.

86 1 Аяа ЭЗЭН сонор тавин надад хариулаач.
Учир нь би зовж, гачигдаж байна.
2 Би Таны итгэмжит хүн тул
Сэтгэлийг минь хамгаалаач!
Аяа миний Бурхан,
Танд итгэдэг зарцаа авраач!
3 Аяа Эзэн, намайг нигүүлсээч!
Учир нь Тан руу би өдөржин хашхирдаг.
4 Зарцынхаа сэтгэлийг баярлуулаач!
Учир нь Эзэн Тан руу би сэтгэлээ өргөдөг.
5 Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн,
Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг.
6 Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонор тавин чагнаач!
Миний гуйлтын дуунд анхаарал тавиач!
7 Та надад хариулах учир
Зовлон шаналангийнхаа өдөр
Таныг би дуудна.

8 Аяа ЭЗЭН, бурхдын дунд
Тан шиг хэн ч үгүй,
Таных шиг үйлс ч алга.
9 Аяа ЭЗЭН, Таны бүтээсэн
бүх улс үндэстэн ирж,
Таны өмнө мэхийж,
Таны нэрийг алдаршуулна.*
10 Учир нь Та аугаа бөгөөд гайхамшгийг үйлддэг.
Та бол Бурхан, Та ганцаараа.
11 Аяа ЭЗЭН, замаа надад зааж өгөөч.
Би Таны үнэнээр явах болно.
Таны нэрээс эмээдэг,
Хоёргүй зүрхийг өгөөч!
12 Эзэн Бурхан минь,
Бүх зүрхээрээ Танд би талархаж,
Таны нэрийг мөнхөд алдаршуулна.
13 Учир нь надад хандсан нигүүлсэл тань агуу бөгөөд
Та сүнсийг минь Үхэгсдийн орны гүнээс аварсан.

14 Өө Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож,
Хүчирхийлэгчдийн бүлэглэл амийг минь эрж байна.
Тэд Таныг өмнөө залдаггүй хүмүүс юм.
15 Харин Эзэн Та өршөөлт, нигүүлсэлт,
Уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан.
16 Над руу эргэж, намайг нигүүлсээч!
Өөрийн зарцад хүчээ өгч,
Шивэгчнийхээ хүүг авраач!
17 Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд
Сайны тэмдгийг надад үзүүлээч!
Учир нь ЭЗЭН Та надад туслан
Намайг тайвшруулсан.


  • 86:9 Илч 15:4