Дарамтлагчдаас чөлөөлөгдөхийн төлөө
Давидын залбирал.

17 1 Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН,
Миний хашхирахыг анхаараач
Худал хуурмаггүй уруулын минь залбиралд сонороо тавиач.
2 Зөвтгөл минь Танаас ирэг,
Зөвийг Таны мэлмий хараг.

3 Та зүрхийг минь шалгажээ
Та шөнөөр айлчилжээ.
Та намайг сорьсон бөгөөд юу ч олоогүй
Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн юм.
4 Хүний үйлсийн тухайд
Таны уруулын үгийн дагуу
Би хүчирхийлэгчийн замаас хол байсан.
5 Миний алхмууд Таны замуудад
бат холбогдсон.
Хөл минь эс халтирсан.

6 Бурхан, Та надад хариулах учир
Би Таныг дуудсан юм.
Надад сонороо тавин
Үгийг минь сонсооч.
7 Эсэргүүцэн сөрөгчдөөс
Баруун мутарт тань хоргодогчдыг Аврагч аа,
Энэрэл хайраа гайхамшигтайгаар үзүүлээч.

8 Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач.
Далавчнуудынхаа сүүдэрт намайг халхлаач
9 Довтлогч муу хүнээс,
Тойрсон хөнөөлт дайснуудаас минь хамгаалаач.
10 Баглагдаж өөхөндөө баригдсан тэд нар
Бардам амаар ярих ажээ.
11 Алхам бүрд маань биднийг хүрээлж,
Газарт унагах гэж харцаа тогтоодог.
12 Олзоо тасчиж хаяхыг хүсдэг арслан мэт тэд нар,
Нууц газруудад гэтдэг залуу арслан мэт юм.

13 Босооч, ЭЗЭН,
Тэдэнтэй тулж, доош унагаач.
Сэтгэлийг минь илдээрээ хорон муу хүнээс авраач.
14 Энэ амьдралд хувиа хүртсэн ертөнцийн хүмүүсээс,
ЭЗЭН, Та мутраараа авраач.
Тэдний хэвлийг Та
Эрдэнэсээрээ дүүргэдэг билээ.
Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж,
Өв хөрөнгө, өөрсдийн баялгуудыг
Нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.

15 Харин би зөв шударгаар
Таны нүүрийг харна
Би сэрэхдээ Таны дүр төрхөд
сэтгэл хангалуун байх болно.