Бурханы гайхамшигт үйлсэд талархахуй
Удирдаачид: Бүү устгаач аялгуунд. Асафын дуулал. Дуу.
75 1 Бид Танд талархал өргөж байна.
Бурхан, бид талархал өргөж байна.
Учир нь Таны нэр ойрхон байна.
Таны гайхамшигт үйлс тунхаглагдаж байна.
2 Би тогтоосон цагийг сонгохдоо
Чигч шударгаар шүүх билээ.
3 Дэлхий ба тэнд амьдрагч бүхэн ганхана.
Багануудыг нь Би бат тогтоосон. Села
4 Бардамнагчдад Би “Бүү бардамна”
Буруутуудад “Эврээ бүү өргө.
5 Эврээ өндөрт бүү өргө.
Бүдүүн хүзүүгээр бүү ярь” гэв.
6 Учир нь өргөмжлөл
Дорноос ч, өрнөөс ч, цөлөөс ч ирэхгүй.
7 Харин Бурхан Шүүгч бөгөөд
Нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилнө.
8 Сайн хутгасан бөгөөд хөөсөрч буй дарстай аяга
ЭЗЭНий мутарт байна.
Тэрээр түүнийг цутгаж байна.
Дэлхийн бүх гэм буруутнууд
Шавхрууг нь шавхан уух болой.
9 Харин би мөнхөд тунхаглана.
Иаковын Бурханд би магтан дуулна.
10 Буруутын бүх эвэр таслагдана
Зөвтийн эвэр өндөрт өргөгдөнө.