Магтаал ба талархал
Удирдаачид: Давидын дуулал. Дуу.

68 1 Бурханыг босоход дайснууд нь таран бутарч,
Түүнийг үзэн ядагчид өмнөөс нь зугтана.
2 Утаа замхрах мэт тэднийг хөөнө.
Галын өмнө хайлах лааны тос адил
Буруутууд Бурханы өмнө сөнөнө.
3 Харин зөвтүүд баярлаж, баясна.
Бурханы өмнө баяр хөөрөөр дүүрнэ.

4 Бурханд дуул, нэрийг нь магтан дуулагтун!
Цөлөөр явагчa Түүнд дуугаа өргө.
Түүний нэр ЭЗЭН.
Түүний өмнө баярлан хөөрөгтүн!

5 Өнчдийн эцэг, бэлэвсний өмгөөлөгч нь
Өөрийн ариун газарт оршигч Бурхан юм.
6 Ганцаардагчийг гэртээ суулган
Хоригдогсдыг сайн сайханд Бурхан дагуулна.
Тэрслэгчид л харин ангамал газарт үлдэнэ.

7 Бурхан, Таныг ард түмнээ манлайлан явахад
Таныг цөл дундуур удирдан алхахад, Села
8 Газар хөдөлжээ.
Тэнгэрс ч бас Бурханы өмнө,
Синаин Нэгэнийb өмнө,
Израилын Бурхан,
Бурханы өмнө бороо дуслуулжээ.*
9 Бурхан, Та элбэг дэлбэг бороог цутгажээ.
Доройтоход нь Та өв юугаа бататгажээ.
10 Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан.
Бурхан, Та нинжин сэтгэлээр ядуусыг хангажээ.

11 Эзэн тушаал буулгахад
Мэдээ хүргэгч эмэгтэйчүүд олон болж,
12 “Цэргийн хаад зугтлаа, зугтлаа” гэнэ.
Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана.
13 Хонины хашаанд хэвтсэн ч та нар
Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр,
Солонгорсон алтлаг өдийг авна.
14 Төгс Хүчит Нэгэн тэнд хаадыг тараахад
Залмонд цас бударч байв.

15 Бурханы уул бол Башаны уул
Олон өндөр оргилтой уул Башаны уул.
16 Олон өндөр оргилтой уулс аа,
Бурханы оршин суух газраа болгохыг хүссэн уулыг
Та нар юунд атаархан харна вэ?
Үнэхээр ЭЗЭН тэнд мөнхөд оршино.

17 Бурханы тэрэгт цэрэг мянга мянгаар, түм түмээрээ,
Эзэн тэдний дунд Синаи ариун газарт байна.
18 Та өндөрт гарч, олзлогдогсдыг дагуулжээ.
Та хүмүүсийн дунд өглөг авсан,
Тэрслэгчдээс ч бас авсан нь
Тэнд ЭЗЭН Бурхан оршин суухын тулд юм. *
19 Өдөр бүр ачааг маань үүрдэг Эзэн,
Бидний аврал болох
Бурхан магтагдах болтугай! Села
20 Бурхан бол бидний авралын Бурхан юм.
Үхлээс зайлах нь Эзэн БУРХАНых юм.

21 Үнэхээр Бурхан
дайснуудынхаа толгойг,
Гэмээ байнга үйлддэг хүний
Үстэй зулайг бяц цохино.
22 Эзэн “Би тэднийг Башанаас авчирна.
Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана.
23 Чи хөлөө дайсныхаа цусанд булхаж,
Нохдын чинь хэл тэндээс хувиа хүртэнэ” гэв.

24 Бурхан, тэд Таны залран ирэхийг,
Хаан минь болох миний Бурханы
Ариун газарт залран ирэхийг харсан.
25 Хэнгэрэг дэлдэх бүсгүйчүүдийн дуунд
Дуучид өмнө нь явж, хөгжимчид дагав.
26 Израилын ундаргаас гарагсад аа, та нар
Их цугларалтууд дээр Бурхан ЭЗЭНийг дээдлэн ерөөгтүн!
27 Тэнд тэднийг удирддаг отгон Бениамин,
Иудагийн ноёд олон түмэнтэйгээ,
Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна.

28 Чиний Бурхан чамд хүчийг тушаав.
Бидэнд үйлдэж байсан Бурхан,
Та хүчээ харуулаач.
29 Йерусалим дахь Таны сүмээс болж
Хаад Танд бэлэг авчирна.
30 Зэгсэн дундах араатнууд болон
Ард түмнүүдийн тугалуудын дундах
Бухын сүргийг зэмлэ,
Мөнгөн олзонд шунагчдыг талхал.
Дайнд дурлагч хүмүүсийг тараа!c
31 Дээдэсd Египетээс гарч ирнэ.
Этиоп төдөлгүй Бурхан руу гараа сунгана.

32 Дэлхийн хаанчлалууд аа,
Бурханд дуулагтун,
Эзэнд магтан дуулагтун! Села
33 Эртний үеийн дээд тэнгэрсийг хөлөглөгч
Түүнд дуулагтун!
Харагтун, Тэрээр дуугаа,
Сүрлэг дуу хоолойгоо цуурайтуулна.
34 Хүч чадлыг Бурханых гэж үз.
Түүний сүр хүч Израилын дээр,
Хүч чадал нь тэнгэрт буй.
35 Бурхан, ариун газраасаа
Та сүрдмээр байна.
Израилын Бурхан, хүч хийгээд чадлыг
Ард түмэнд Тэр өгдөг.

Бурхан магтагдах болтугай!


  • a68:4 үүлэн дээгүүрх эсвэл цөлийн дундуур
  • b68:8 Синаин Нэгэн: Израилчууд Египетээс Канааны зүг явах замд Бурхан Синаи уулнаа Өөрийгөө харуулсан юм. (Гэт 19:16–25 үз.)
  • 68:8 Гэт 19:18
  • 68:18 Еф 4:8
  • c68:30 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • d68:31 ЭЗО: элчин сайдууд