Бурханы сайн сайханд талархахуй
Давидаас.
103 1 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
Дотор минь байгаа бүгд
Түүний ариун нэрийг магтагтун.
2 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,
Ач тусыг нь ч бүү март.
3 Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж,
Бүх өвчнийг чинь илаарьшуулдаг.
4 Тэрээр амийг чинь мөхлөөс зольж,
Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг.
5 Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд
Тэрээр амьдралыгa чинь сайнаар хангадаг.
6 ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө
Зөвт үйлс болон шүүлтүүдийг үйлддэг.
7 Өөрийн замыг Мосед,
Үйлсээ Израилын хөвгүүдэд мэдүүлсэн.
8 ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй,
Уурлахдаа удаан,
Хайр энэрлээр элбэг баян.*
9 Үргэлжид тэмцэлдэхгүй,
Уураа ч Тэрээр мөнхөд хадгалахгүй.
10 Тэрээр хилэнцэд минь тааруулан хандаагүй билээ,
Гэм буруугаар маань ч бидэнд хариулаагүй билээ.
11 Тэнгэр нь газраас өндөрт байдгийн адилаар
Түүний энэрэл хайр нь Түүнээс эмээгчдийн дээр үлэмж их байдаг.
12 Өрнө нь дорноос хол байдаг адил
Гэмт үйлдлийг маань биднээс
Тэрээр тийн холдуулсан.
13 Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
14 Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг.
Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг.
15 Хүний хувьд, өдрүүд нь өвс ногоо адил.
Хээрийн цэцэг шиг тэрээр дэлгэрнэ.
16 Салхи үлээгээд өнгөрөхөд тэр үгүй болох бөгөөд
Тэр газар ч түүнийг эс танина.
17 Харин ЭЗЭНий хайр энэрэл
Түүнээс эмээгчдийн дээр
Мөнхийн мөнхөд байна.
Түүний зөвт байдал
Хөвгүүдийн хөвгүүдэд байна.
18 Түүний гэрээг сахигчид дээр,
Түүний заавар журмыг санан биелүүлэгчид дээр байна.
19 ЭЗЭН сэнтийгээ тэнгэрт залсан бөгөөд
Түүний хаанчлал бүхнийг захирдаг.
20 Дуу хоолойг нь даган, үгийг нь биелүүлдэг,
Түүний хүчирхэг тэнгэрэлч нар аа,
ЭЗЭНийг магтагтун.
21 Түүний хүслийг биелүүлэн
Түүнд үйлчилдэг,
Түүний түг түмд та нар
ЭЗЭНийг магтагтун.
22 Түүний захиргаа бүх газарт буй
Түүний бүх бүтээл ээ,
ЭЗЭНийг магтагтун.
Сэтгэл минь ээ,
ЭЗЭНийг магтагтун.
- a103:5 эсвэл амьдралыг минь
- 103:8 Иак 5:11