Израилын нүглийг улайх нь
106 1 ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНд талархал өргөгтүн.
Тэрээр сайн бөгөөд
Түүний хайр энэрэл үүрдийнх.*
2 ЭЗЭНий хүчит үйлсийн тухай
Хэн өгүүлж чадах вэ?
Түүний бүх магтаалыг
Хэн тунхаглаж чадах вэ?
3 Бүхий л цаг үед шударга ёсыг сахигчид,
Зөвт байдлыг үйлдэгчид ерөөлтэй.
4 Аяа ЭЗЭН, ард түмэндээ өгсөн таалал дотроо
Намайг санаач.
Авралтайгаа над дээр айлчлаач.
5 Би Танд сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж,
Таны үндэстний баяр хөөрт баясаж,
Өвөөр тань бахархахсан.
6 Бид ч эцэг өвгөд маань ч нүгэл хийжээ.
Бид хуулийг завхруулж, бурууг үйлджээ.
7 Эцэг өвгөд маань Египетэд
Таны гайхамшгуудыг ухаарсангүй.
Таны үй олон энэрлийг тэд саналгүй,
Харин тэнгисийн, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн.*
8 Гэлээ ч сүр хүчээ мэдүүлэхийн тулд
Тэрээр нэрийнхээ төлөө тэднийг аварсан.
9 Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд
Тэнгис хатсан бөгөөд
Тэр тэднийг цөл газраар мэт
Оёор гүнээр нь дагуулсан.*
10 Үзэн ядагчийнх нь гараас
Тэр тэднийг аварч,
Дайсны гараас зольсон.
11 Өстнүүдийг нь ус бүрхсэн.
Нэг нь ч эс үлдсэн.
12 Тэгэхэд тэд үгэнд нь итгэж,
Түүнд магтаалыг дуулсан.*
13 Гэвч тэд үйлсийг нь үтэр мартав.
Зөвлөгөөг нь тэд эс хүлээв.
14 Харин цөлд ихэд шунан тачаадаж,
Зэлүүд газарт Бурханыг сорьсон.*
15 Иймээс Тэр хүсэж шаардсаныг нь өгсөн боловч
Тэдний аманд эцээх өвчнийг илгээсэн.
16 Хуаранд тэд Мосед болон
ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсан.*
17 Тэгтэл газар нээгдэн Датаныг залгиж,
Абирамын бүлэглэлийг дарсан.
18 Тэдний бүлэглэл дотор гал дүрэлзэж,
Галын дөл буруутыг шатаасан.
19 Хоребт тэд тугалыг бүтээж,
Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.*
20 Өөрсдийн алдрыг ингэж тэд
Өвс иддэг үхрийн дүрсээр сольж
21 Агуу зүйлийг Египетэд байхад нь хийсэн
Аврагч Бурханаа тэд мартсан юм.
22 Хамын нутагт болсон гайхамшгуудыг,
Улаан тэнгисийн дэргэдэх сүрдэм үйлсийг мартжээ.
23 Тиймээс л тэднийг устгана гэж Тэр айлджээ.
Тэднийг устгах уур хилэнг нь эргүүлэхээр
Түүний сонгосон хүн Мосе өмнө нь
Цөмөрхий дунд тэгэхэд зогсоогүй бол
Үүнийгээ Тэрээр гүйцэлдүүлэх байсан.
24 Тэгтэл тэд тааламжит нутгийг жигшиж,
Түүний үгэнд итгэсэнгүй.*
25 Харин майхнууд дотроо үглэн гомдоллож,
ЭЗЭНий дуу хоолойг ч сонсоогүй юм.
26 Тиймээс Тэр тэдэнд тангараглаж,
Тэднийг зэлүүд цөлд хаян,
27 Үр удмыг нь үндэстнүүдийн дунд унагаж
Газар бүрд тэднийг тараах болно гэсэн.*
28 Тэд бас Баал-Пеортой нийлж,
Үхэгсдийн тахилыг иджээ.*
29 Тэр үйлдлээрээ тэд Түүнийг уурлуулж
Тэдний дунд тахал дэлгэрсэн юм.
30 Тэр үед Финехас босож,
Шүүлтийг гүйцэтгэхэд тахал зогссон.
31 Үеэс үед энэ тухайд
Түүний зөв гэж тооцогдсон юм.
32 Тэд бас Мерибагийн их усны дэргэд
Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд
Тэднээс болж Мосе хэцүүдсэн.*
33 Тэд Сүнснийх нь эсрэг тэрсэлсэн учраас
Тэр тэдэнд гоомой үгс хэлсэн юм.
34 ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор
Тэд тэр ард түмнүүдийг устгах ёстой байтал*
35 Харин тэр үндэстнүүдтэй хутгалдан
Үйлсээс нь суралцаж,
36 Өөрсдөд нь урхи болсон шүтээнүүдэд нь үйлчилсэн.
37 Охид, хөвгүүдээрээ тэд чөтгөрүүдийг тахиж,*
38 Гэмгүй цусыг урсгасан.
Охид хөвгүүдийнхээ цусаар
Канааны шүтээнүүдийг тахисан.
Тэгээд газар цусаар бузарлагдсан.*
39 Өөрсдийгөө тэд үйлсээрээ бузарлаж,
Үйлдлээрээ тэд садар самууныг хийжээ.
40 Тиймээс ЭЗЭНий уур хилэн хүмүүсийнхээ эсрэг асаж,
Тэр Өөрийн өвийг жигшсэн юм.*
41 Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулж,
Үзэн ядагчид нь тэднийг захирсан.
42 Дайснууд нь ч бас тэднийг дарангуйлсан.
Тэд гар дор нь номхорсон.
43 Олон удаа Тэр тэднийг аварсан ч
Харин тэд санаагаараа тэрсэлж,
Гэм буруудаа улам шигдэн ялзарсан юм.
44 Тэгсэн ч, тэдний хашхирахыг сонсож,
Тэрээр шаналлыг нь анхаарч харсан.
45 Тэдний төлөө Өөрийн гэрээг санаж,
Энэрэл хайрынхаа бялхмаар Тэр зөөлөрсөн.
46 Ингээд олзлон авагч бүхнийх нь өмнө
Тэрээр тэдэнд энэрлийг соёрхсон.
47 Бидний Бурхан ЭЗЭН, биднийг авраач.
Таны ариун нэрд талархлыг,
Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд
Үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулаач.*
48 Израилын Бурхан ЭЗЭН
Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай.
Бүх ард түмэн “Амен” гэж хэлтүгэй!
ЭЗЭНийг магтагтун!
- 106:1 1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11
- 106:7 Гэт 14:10–12
- 106:9–12 Гэт 14:21–31
- 106:12 Гэт 15:1–21
- 106:14–15 Тоо 11:4–34
- 106:16–18 Тоо 16:1–35
- 106:19–23 Гэт 32:1–14
- 106:24–26 Тоо 14:1–35
- 106:27 Лев 26:33
- 106:28–31 Тоо 25:1–13
- 106:32–33 Тоо 20:2–13
- 106:34–36 Шүү 2:1–3, 3:5–6
- 106:37 2Ха 17:17
- 106:38: Тоо 35:33
- 106:40–46 Шүү 2:14–18
- 106:47–48 1Шс 16:35–36