Хааныг удирдан хамгаалахын төлөө залбирал
Соломоны дуулал.
72 1 Бурхан, шүүлтээ хаанд,
Зөвт байдлаа хааны хүүд өгөөч!
2 Тэр Таны ард түмнийг зөв шударгаар,
Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүг.
3 Уулс ба толгод ч зөвт байдлаар
Ард түмэнд амар тайвныг авчраг.
4 Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн
Гачигдагсдын хүүхдүүдийг аварч
Дарлагчийг сөнөөх болтугай!
5 Нар, сарыг байхад
Тэд үеийн үед Танаас эмээг.
6 Тэрээр хатсан өвсөн дээрх бороо шиг,
Газар хөрсийг чийглэгч шиврээ бороо мэт бууж ирэг!
7 Түүний өдрүүдэд зөвт хүн цэцэглэж,
Сарыг үгүй болох хүртэл
Амар тайван ч арвин их байг.
8 Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл,
Тэрхүү газрын хязгаар хүртэл
Захирах болтугай!*
9 Цөлд суугчид түүний өмнө бөхийж,
Дайснууд нь тоос шороог долоог!
10 Таршиш хийгээд
арлуудын хаад бэлэг барин,
Шеба хийгээд Себагийнa хаад
Алба гувчуур авчраг.
11 Бүх хаад түүнд мэхийж,
Бүх үндэстэн түүнд зарагдах болтугай!
12 Тэрээр гачигдагчийг хашхирахад нь аварна.
Дарлагдсан, бас туслах хүнгүй нэгнийг ч аварна.
13 Тэрээр ядуус, гачигдагсдыг өршөөж
Үгээгүйчүүдийн амийг аврах болно.
14 Тэдний амийг дарамт хүчирхийллээс аварна
Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно.
15 Тиймээс тэр амьд байж,
Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай!
Тэд түүний төлөө үргэлж залбирч
Түүнийг өдөржин ерөөх болтугай!
16 Уулсын орой дээрх газарт
Үр тариа элбэг дэлбэг байг.
Үр жимс нь Ливаны хуш шиг найгана.
Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэг.
17 Түүний нэр мөнхөд байг,
Нар гэрэлтэх мэт нэр нь мандаг.
Хүмүүс түүгээр ерөөгдөнө.
Бүх үндэстэн түүнийг магтна.b
18 Гайхамшгуудыг ганцаараа үйлддэг
Израилын Бурхан,
ЭЗЭН Бурхан магтагдах болтугай!
19 Сүр жавхлант нэр нь
Мөнхөд магтагдах болтугай,
Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй!
Амен, Амен.
20 Иессийн хүү Давидын залбирал төгсөв.
- 72:8 Зех 9:10
- a72:10,15 Шеба ба Себа: Шеба нь Арабын өмнөдөд, Себа нь Улаан тэнгисийн эсрэг талд байсан.
- b72:17 эсвэл Тэд хаанд жаргал ерөөнө.