Өмгөөлөл эрсэн залбирал
Удирдаачид: Давидын дуулал.

109 1 Миний магтаалын Бурхан,
Бүү нам гүм байгаач.
2 Учир нь буруу явдалтнууд бас мэхлэгчид
Миний эсрэг амаа нээж,
Өөдөөс минь тэд нар
Худалч хэлээр ярьж байна.
3 Үзэн ядалтын үгсээр намайг тойруулж,
Миний эсрэг шалтгаангүйгээр довтолж байна.
4 Хайрын минь хариуд тэд намайг буруутгасан.
Харин би залбирна.ы
5 Сайныг минь тэд муугаар,
Хайрыг минь тэд хорслоор хариулсан.

6 Нүгэлтнийг түүний дээр томилж,
Сөргөлдөгчийг баруун гар талд нь зогсоогтун.
7 Шүүгдэх үед нь буруутай гээд
түүнийг урагш гаргаж,
Залбирлыг нь ч хүртэл нүгэл болгооч.
8 Хоног өдрүүд нь цөөхөн байг,
Харгалзах үүргийг нь өөр нэгэн аваг.*
9 Хүүхдүүдийг нь өнчин,
Эхнэрийг нь бэлэвсэн болгооч!
10 Хүүхдүүдийг нь тэнүүчлүүлж, гуйлгачлуулаач!
Сүйрсэн гэрүүдээс нь тэднийг холдуулан гаргаач!
11 Байгаа бүхнийг нь зээлдүүлэгч хүнд олзлуулж,
Хүч хөдөлмөрийг нь хөндлөнгийнхөнд тонуулаач!
12 Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,
Өнчин хүүхдүүдийг нь ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!
13 Хойчийг нь таслаач.
Ирэх үед нэрсийг нь арчуулаач!
14 Эцэг өвгөдийнх нь хилэнцийг
ЭЗЭНий өмнө сануулж,
Эхийнх нь нүгэл арчигдахыг
Бүү зөвшөөрөөч!
15 Тэдний тухай дурсамжийг дэлхийгээс арилгуулахаар
ЭЗЭНий өмнө нүглийг нь байнга байлгаач!
16 Учир нь тэрээр хайр энэрэл үзүүлэхийг бодоогүй.
Харин зүдрэгчийг болон гачигдагчийг,
Зүрхэндээ шаналсан хүнийг үхтэл хавчсан.
17 Хараах дуртай тул хараал өөрт нь бууг
Ерөөлд баярладаггүй тул ерөөл хол байг.
18 Хараалыг тэр өөртөө
Хувцас шиг өмсөж байсан.
Дотор нь тэр ус шиг,
Ясанд нь тэр тос шиг шингэг.
19 Хараал нь өмсдөг хувцас мэт,
Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.

20 Энэ нь намайг буруутгагчдад хийгээд
Миний сэтгэлийн эсрэг муучлан яригчдад
ЭЗЭНээс өгөх шан болог.
21 Харин БУРХАН Эзэн,
Нэрийнхээ төлөө надад Та үйлдээч,
Хайр энэрэл тань сайн учраас
Намайг авраач.
22 Учир нь би зүдрэгч ба гачигдагч бөгөөд
Зүрх минь миний дотор шархадсан байна.
23 Би уртсаж буй сүүдэр мэт алга болж,
Царцаа мэт хийсэн туугдаж байна.
24 Мацгаас болж өвдөг минь сулран
Мах бие минь ч өөх тосоор дутагдлаа.
25 Би бас тэдэнд шившиг болсон
Тэд намайг хараад, толгой сэгсэрч байна.*

26 ЭЗЭН Бурхан минь, надад туслаач.
Хайр энэрлийнхээ ёсоор намайг авраач,
27 Энэ Таны мутар гэдгийг
Тэдэнд мэдүүлээч.
ЭЗЭН Та үүнийг үйлдсэн билээ.
28 Тэд харааг, харин Та ерөөгөөч!
Босохдоо тэднийг ичгүүрт оруулж,
Боолыгоо харин баярлуулаач!
29 Өөрийг минь буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж,
Өөрсдийнх нь шившгээр тэднийг нөмрөг мэт ороогооч!
30 ЭЗЭНд би их талархлыг өргөнө.
Олны дунд би Түүнийг магтана.
31 Учир нь тэдний сэтгэлийг
Буруушаагчаас аврахын тулд
Тэрээр гачигдагчийн баруун гар талд зогсдог.


  • 109:8 Үйл 1:20
  • 109:25 Мт 27:39; Мк 15:29