Зөвтийн ерөөл
112 1 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНээс эмээдэг,
Тушаалуудад нь ихэд баярладаг хүн
Юутай ерөөлтэй!
2 Үр удам нь дэлхий дээр хүчтэй болно.
Чигч шударгын хойч үеийнхэн ерөөгдөнө.
3 Гэрт нь хөрөнгө баялгууд байна.
Зөвт байдал нь мөнхөд тогтоно.
4 Нигүүлсэнгүй, өрөвч, зөвт
Чигч шударга хүмүүсийн төлөө
Харанхуйд гэрэл цацарна.
5 Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн явна.
Тэрээр үйл хэргээ шударгаар явуулдаг.
6 Тэрээр хэзээ ч ганхахгүй.
Зөвт хүн мөнхөд дурсагдах болно.
7 Тэрээр муу мэдээнээс айхгүй.
ЭЗЭНд итгэн түүний зүрх бат байна.
8 Түүний зүрх гуйвшгүй.
Тиймд өстнүүдээ харахдаа ч айхгүй.
9 Тэрээр тараасан, ядууст өгсөн бөгөөд
Зөвт байдал нь мөнхөд байна.*
Эвэр нь хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
10 Гэм буруутан хараад унтууцна.
Тэрээр шүдээ хавиран устаж үгүй болно.
Гэм буруутнуудын шунал тийнхүү сөнөнө.
- 112:9 2Ко 9:9