Сионд амьдрахын баяр хөөр
Корагийн хөвгүүдийн дуулал. Дуу.

87 1 Түүний суурь ариун ууланд бий.
2 Сионы үүд хаалгануудыг
Иаковын оршин суух газруудаас илүүгээр
ЭЗЭН хайрладаг.
3 Бурханы хот оо,
Чиний талаар суутай сайхан юмс яригддаг. Села

4 “Намайг мэдэгчдийн дунд
Рахаабыг болон Вавилоныг би дурдана.
Харагтун, Филист ба Тир Этиопын тухайд
«Энэ ч тэнд төрсөн» гэнэ.”

5 Харин Сионы тухайд
“Энэ ч, тэр ч Түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ.
Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.
6 ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж,
“Энэ ч тэнд төрсөн” гэх болно. Села

7 Тэгээд дуучид, бүжигчдийн хамт
“Миний бүх эх булаг Танд бий” гэнэ.