Израилыг ивээгч ЭЗЭНийг магтагтун!

149 1 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНд шинэ дууг,
Итгэмжит хүмүүсийн цуглаанд
Түүний магтаалыг дуулагтун!
2 Израил, Бүтээгчдээ баярлагтун!
Сионы хөвгүүд Хаандаа баярлагтун!
3 Бүжиг бүжин тэд нэрийг нь магтаг.
Хэнгэрэг ба ятга хөгжмөөр Түүнийг магтаг.
4 Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг.
Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог.
5 Итгэмжит хүмүүс нь алдар дотор баясаж,
Орон дээрээ ч тэд баясгалантайгаар дуулаг,
6 Хоолойд нь Бурханы дээд магтаалууд,
Хос ирт илд гарт нь байг.
7 Энэ нь үндэстнүүд дээр өшөө авалтыг,
Ард түмнүүд дээр ялыг гүйцэлдүүлэхийн тулд юм.
8 Хаадыг нь гинжээр, ноёдыг нь төмөр дөнгөөр хүлж,
9 Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд юм.
Итгэмжит хүмүүсийнх нь жавхаа энэ билээ.
ЭЗЭНийг магтагтун!