Хааны хуримын магтаал
Удирдаачид. Шошаннимаар. Корагийн хөвгүүдийн маскил. Хайрын дуу.

45 1 Зүрх минь сайн үгээр бялхав
Хэл минь чадварлаг бичээчийн бийр мэт болов
Шүлгээ би хаанд зориулъя!

2 Та хүний хөвгүүдээс гойд сайхан
Таны уруулаас нигүүлсэл дусална.
Тиймээс таныг Бурхан мөнхөд ерөөсөн.
3 Хүчтэн минь, цог жавхлан болоод сүр хүчээ бүсэл
Ташаандаа илдээ зүү.

4 Үнэн, дөлгөөн ба зөв шударгын хэргээр,
Өөрийн хүч дотроо ялгууснаар мордооч.
Баруун гар тань сүрдэм үйлсийг танд заана.
5 Таны сумнууд хааны дайснуудын зүрхэнд хурц.
Ард түмнүүд таны өмнө унана.

6 Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнх.
Таны хаанчлалын очирт таяг нь
Шударга ёсны очирт таяг мөн.*

7 Та зөвт байдлыг хайрлаж,
Буруу явдлыг үзэн яддаг.
Тиймээс Бурхан, Таны Бурхан,
Нөхдийн тань дээгүүр
Таныг баяр баяслын тосоор тослов.
8 Таны бүх хувцас мирр,
Зуун наст ба могойн зүрхэн зандан мэт.
Зааны ясан ордны
Утсан хөгжмийн зэмсгүүд
Таныг баясгана.
9 Хаадын охид таны хатагтай нарын дунд бий.
Баруун гар талд тань
Офирын алт зүүсэн хатан зогсоно.

10 Сонс, охин оо, хараад чихээ тавь.
Ард түмнээ хийгээд эцгийнхээ гэрийг март.
11 Тэгвэл хаан гоо үзэсгэлэнг чинь хүсэмжилнэ.
Тэр чиний Эзэн учир түүнд мөргө.
12 Тир охин бэлэгтэй ирнэ.
Тааллыг чинь ард түмний баячууд гуйна.
13 Хааны охин бүх цог жавхланг эдэлнэ.
Хувцас нь алтан хатгамалтай.
14 Алаг эрээн хувцастай түүнийг
Хаанд хүргэж ирнэ.
Араас нь бараа бологч охидыг нь
Хаанд аваачна.
15 Тэд баяр, баясгалантайгаар хүргэгдэн
Хааны ордонд орно.

16 Эцэг өвгөдийн тань байранд
Таны хөвгүүд байх бөгөөд
Та тэднийг бүх дэлхийд ноёд болгоно.
17 Би нэрийг тань үеийн үед сануулна
Тиймээс ард түмэн өнө мөнхөд
Таныг магтана.


  • 45:6–7 Евр 1:8–9