Дайснаас ангижрахын төлөө
Давидын дуулал.
35 1 Надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч, ЭЗЭН!
Надтай тулалдагчидтай тулалдаач!
2 Халхавч, бамбайгаа барин
Надад туслахаар босооч!
3 Намайг мөрдөгчдийн эсрэг
Жад, сүхээ сугалж
“Би чиний аврал!” хэмээн
Сэтгэлд минь хэлээч!
4 Амийг минь хайгчдыг
Шившиг болгож, ичгүүрт унагаан
Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг
Буцааж, самууруулаач!
5 Тэднийг салхинд хийсэх будааны хальс мэт болгож
ЭЗЭНий тэнгэрэлчээр туулгаач!
6 Замыг нь харанхуй, халтиргаатай болгож
ЭЗЭНий тэнгэрэлчээр тэднийг хөөлгөөч!
7 Учир нь шалтгаангүйгээр
Тэд нууцаар надад тор тавьсан,
Шалтгаангүйгээр намайг хөнөөхөөр нүх ухсан.
8 Мэдээгүй байхад нь
Сүйрлийг түүнд ирүүлж,
Нууцаар тавьсан тор нь
Өөрийг нь бариг.
Сүйрэлд түүнийг унагаагаач!
9 Сэтгэл минь ЭЗЭНд баярлаж,
Авралд нь баясна
10 Бүх яс минь “ЭЗЭН, хэн Тан шиг вэ?
Хүчтэнээс зүдэрснийг,
Дээрэмчдээс нь зүдэрсэн ба ядууг нь
Та авардаг” гэх болно.
11 Хэрцгий гэрч нар босон
Эс мэдэх зүйлийг надаас байцаана.
12 Тусыг минь усаар тэд хариулан
Сэтгэл минь ганцаардана.
13 Тэднийг өвчтэй байхад
Харин би тааран хувцас өмсөж
Өөрийгөө би мацгаар зовоосон юм
Өвөрт минь тиймээс залбирал минь буцаж ирнэ.
14 Найздаа, ах дүүдээ юм шиг
Би тэдэнд хандаж
Эхийнхээ хойноос гашуудах мэт
Би гашуудан бөхийсөн.
15 Харин намайг бүдэрсэнд
Тэд баярлан цуглажээ.
Миний мэддэггүй байсан довтлогчид ч
Миний эсрэг цуглажээ.
Зогсоо зайгүй намайг гүжирдэж
16 Найран дээрх сүсэггүй тохуурхагчид мэт
Над руу тэд шүдээ хавирч байна
17 Эзэн, Та хэдий болтол харж суух вэ?
Амийг минь тэдний хөнөөлөөс авраач,
Арслангуудаас намайг авраач!
18 Танд би их чуулганд талархал өргөнө.
Таныг би олон түмний дунд магтах болно.
19 Үндэсгүйгээр надад дайсагнагчдыг
Надаас болж бүү баясга.
Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын
Нүдийг ч бүү ирмүүлээч.*
20 Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй,
Нутгийн аниргүй оршигчдын эсрэг
Хуурмаг үгсийг зохиодог.
21 Амаа тэд над руу томоор нээцгээн
“Аа-хаа, нүд маань үзлээ” гэцгээнэ.
22 ЭЗЭН, Та үүнийг харсан.
Бүү дуугүй байгаач!
Эзэн, надаас бүү хол байгаач!
23 Бурхан минь, миний Эзэн,
Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар,
Миний хэргийн төлөө босооч!
24 ЭЗЭН Бурхан минь, зөв шударгаараа намайг шүүж,
Надаас болж тэднийг бүү баясгаач!
25 Тэднийг “Аа-хаа, ингэхийг л бид хүссэн юм!” гэж
Зүрхэнд нь бүү хэлүүлээч.
“Бид түүнийг залгисан!” гэж
Тэднээр бүү хэлүүлээч.
26 Хохиролд минь баясагч бүгдийг
Ичгүүрт унаган дорд болгооч.
Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг
Ичгүүр, гутамшигт оруулаач!
27 Зөвдөхөд минь баярлагсад
Баясан хашхирч, баярлан хөөрөг.
“Зарцынхаа сайн сайханд баярладаг
ЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж тэд дандаа хэлэг
28 Таны зөв шударгыг, Таны магтаалыг
Ам хэл минь өдөржин тунхаглана.
- 35:19: Дуу 69:4; Иох 15:25