Уучлагдахуйн баяр хөөр
Давидаас. Маскил.
32 1 Ёс бус явдал нь уучлагдаж,
Нүглүүд нь далдлагдсан нэгэн ерөөлтэй еэ!*
2 Нүглийг нь ЭЗЭН үл тооцдог бөгөөд
Сүнсэндээ заль мэхгүй хүн ерөөлтэй еэ!
3 Намайг дуугүй байх зуур
Өдөржингөө ёолсноос болж
Яс минь яйрчээ.
4 Учир нь өдөр шөнөгүй Таны мутар
Намайг хүндээр дарж,
Шим шүүс минь зуны ганд хатсан мэт болов. Села
5 Би нүглээ Танд улайсанa
Би хилэнцээ нуугаагүй.
“Гэмт үйлдлээ би ЭЗЭНд улайна” гэсэн.
Тэгээд Та миний хилэнц нүглийг уучилсан. Села
6 Тиймээс итгэмжит хүн бүр
Таны олдохb цагт Танд залбираг.
Их ус үерлэвч тэдэнд огт хүрэхгүй.
7 Та миний хоргодох газар,
Та намайг зовлон шаналлаас хамгаалан
Та намайг авралын дуугаар хүрээлдэг. Села
8 Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө
Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө.
9 Ухаангүй адуу, луус шиг бүү бай.
Хазаар ногтоор оосорлон барихгүй бол
Тэд чам руу ойртдоггүй бус уу?
10 Гэм буруутны зовлон шаналал их
Харин ЭЗЭНд найдагч хүнийг
Хайр энэрэл хүрээлдэг юм.
11 Зөвт хүмүүс ээ, та нар
ЭЗЭН дотор баярлан баясагтун,
Зүрхээрээ чигч шударга бүгд ээ,
Та нар баярлан хашхирагтун!
- 32:1–2 Ром 4:7–8
- a32:5 2См 12:13
- b32:6 эсвэл бэрхшээлт үедээ