Бурханы хүч ба шударга нь
Удирдаачид. Давидын дуулал, Мут-Лаббен дээр.
9 1 Бүхий л зүрхээрээ би
ЭЗЭНд талархах болно.
Бүх гайхамшгийг тань
Би тунхаглана.
2 Би баярлаж, Танд баясна.
Хамгийн Дээд Нэгэн,
Таны нэрд магтаалыг би дуулна.
3 Дайснууд минь ухрахдаа
Таны өмнө бүдрэн унаж, сөнөдөг нь
4 Та шударга заргыг минь дэмжсэнийх билээ.
Та зөв шударгаар шүүн сэнтийдээ заларсан билээ.
5 Та үндэстнүүдийг зэмлэж,
Гэм буруутнуудыг устгаж, нэр алдрыг нь
Нэгмөсөн үүрд үгүй болгосон.
6 Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд
Та тэдний хотуудыг нурааж,
Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон.
7 Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг.
Тэрээр шүүхийн төлөө сэнтийгээ зэхсэн бөгөөд
8 Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно.
Тэрээр ард түмнүүдийг чигч шударгаар шүүнэ.
9 ЭЗЭН бол дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт,
Бэрх цагийн бэхлэлт болно.
10 Нэрийг тань мэдэгсэд Танд найдна.
ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг,
Та орхиогүй билээ.
11 Сионд оршигч ЭЗЭНд
Магтаалыг дуулагтун.
Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.
12 Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг.
Зовогсдын хашхирахыг Тэрээр үл мартдаг.
13 ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Үзэн ядагчдаас болсон
Зовлон зүдүүрийг минь хараач.
Үхлийн үүд хаалганаас
Намайг босгодог нь Та билээ.
14 Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд
Сион охины гулдан хаалган дээр
Таны авралд би баясна.
15 Үндэстнүүд ухсан нүхэндээ унасан юм.
Өөрсдийнхөө нуусан торонд тэдний хөл орсон юм.
16 ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ.
Бурууг үйлдэгч нь гарынхаа үйлээр урхидуулжээ. Хиггаион. Села
17 Бурханыг мартдаг бүх үндэстэн,
Бурууг үйлдэгсэд Үхэгсдийн орон руу буцна.
18 Гачигдагсад үүрд мартагдахгүй,
Зовогсдын найдлага ч мөнхөд тасрахгүй.
19 ЭЗЭН, босооч,
Хүмүүн бүү дийлэг,
Үндэстнүүд өмнө тань шүүгдэг.
20 ЭЗЭН, тэднийг эмээлгээч.
Хүн л юм гэдгийг нь
Үндэстнүүдэд мэдүүлээч. Села