Цэвэршил, өршөөл эрсэн залбирал
Удирдаачид. Батшеба руу орсных нь дараа Давид дээр эш үзүүлэгч Натан ирсэн үеийн Давидын дуулал.

51 1 Бурхан, хайр энэрлийнхээ учир
Намайг нигүүлсээч.
Арвин их өршөөлийнхөө учир
Гэмт үйлдлийг минь арилгаач.
2 Хилэнцээс минь намайг олонтоо угааж,
Нүглээс минь намайг цэвэрлээч.

3 Би гэмт үйлдлээ мэднэ.
Нүгэл минь үргэлж миний өмнө.
4 Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж,
Таны мэлмийд ёрын мууг хийлээ. *
Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж,
Та шүүгдэхдээ зэмгүй болой.
5 Эхнээсээ л би төрөлхийн хилэнцтэн ажээ.
Эх минь намайг тээх цагаас би гэмтэн байжээ.

6 Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг
Та хүсдэг бөгөөд
Дотоод чанадад минь Та
Мэргэн ухааныг мэдүүлнэ.
7 Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч.
Би цэвэр болно.
Намайг угаагаач,
Би цаснаас цагаан болно.
8 Надад баяр хөөр, баясгаланг сонсгооч.
Та яйруулсан ясаа баясгаач.
9 Гэм нүглээс минь нүүрээ буруулж,
Хилэнц бүхнийг минь арилгаач.

10 Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж,
Миний дотор зөв сүнсийг шинэчлэн авчраач.
11 Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач.
Ариун Сүнсээ надаас бүү аваач.
12 Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,
Хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгээч.

13 Тэгвэл би тэрслэгчдэд Таны замуудыг заах бөгөөд
Нүгэлтнүүд Тан руу буцах болно.
14 Бурхан, авралын минь Бурхан,
Намайг цус урсгалтаас авраач.a
Хэл минь Таны зөвт байдлыг дуулна.

15 ЭЗЭН, уруулыг минь нээгээч.
Ам минь Таны магтаалыг тунхаглана.
16 Учир нь Та тахилд баярлахгүй.
Та шатаалт тахилыг таалахгүй.
Эс бөгөөс би өргөх байлаа.
17 Бурханы авах тахил нь эмтэрсэн сүнс юм.
Эмтэрсэн, гэмшсэн зүрхийг
Бурхан Та жигшихгүй.

18 Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч.
Йерусалимын хэрмийг барьж босгооч.
19 Тэгэхэд Та зөвт тахилуудад,
Шатаалт тахил ба
Бүтэн шатаалт тахилд баярлана.
Тахилын ширээн дээр тань
Залуу бухуудыг өргөнө.


  • 51:4 Ром 3:4
  • a51:14 Амийг минь хэлтрүүлээч