Ялалтын дуу
118 1 ЭЗЭНд талархал өргө.
Тэрээр сайн бөгөөд,
Түүний хайр энэрэл мөнхийнх.*
2 “Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж Израил хэлэг.
3 “Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж Аароны гэр хэлэг.
4 ЭЗЭНээс эмээгчид нь
“Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэг.
5 Энэлэл шаналал дундаасаа
ЭЗЭН рүү би хашхирлаа.
ЭЗЭН надад хариулж,
Уудам газар авчирлаа.
6 ЭЗЭН миний талд, би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?*
7 ЭЗЭН надад туслагчдын дунд байна.
Тиймээс намайг үзэн ядагсад руу
би харах болно.
8 Хүнд итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь дээр.
9 Ноёдод итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь дээр.
10 Бүх үндэстэн намайг бүсэлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохино.
11 Тэд намайг хүрээлжээ,
Тийм ээ, намайг хүрээлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохино.
12 Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлэвч
Өргөст бутны дундах гал мэт тэд унтарсан.
ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохисон.
13 Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн боловч
ЭЗЭН надад тусалжээ.
14 ЭЗЭН миний хүч ба миний дуу,
Тэр миний аврал болсон.*
15 Зөвтүүдийн майханд уухайн чимээ хийгээд аврал байна.
ЭЗЭНий баруун мутар эрэлхгээр үйлддэг.
16 ЭЗЭНий баруун мутар өргөгдсөн байна.
ЭЗЭНий баруун мутар эрэлхгээр үйлддэг.
17 Би үхэхгүй, харин амьдрах бөгөөд
ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.
18 ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн.
Гэлээ ч үхэлд хүргээгүй.
19 Надад зөвтийн үүд хаалгыг нээгээч.
Би түүгээр орж, ЭЗЭНд талархал өргөнө.
20 ЭЗЭНий үүд хаалга энэ юм.
Зөвт нэгэн түүгээр орно.
21 Та надад хариулж,
Аврал минь болсон учраас
Би Танд талархана.
22 Барилгачдын голсон чулуу
Булангийн тулгуур чулуу болов. * *
23 Энэ нь ЭЗЭНээс ирсэн бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай.
24 Энэ нь ЭЗЭНий бүтээсэн өдөр
Үүнд хөгжилдөн баярлацгаая.
25 Аяа ЭЗЭН, гуйж байна, авраач.*
Аяа ЭЗЭН, гуйж байна, амжилтыг соёрхооч!
26 ЭЗЭНий нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!*
Бид ЭЗЭНий өргөөнөөс та нарыг ерөөлөө.
27 ЭЗЭН бол Бурхан бөгөөд бидэнд гэрлийг өгсөн.
Тахилын ширээний эвэрт
тахилыг уяагаар холбогтун.
28 Та миний Бурхан, би Танд талархал өргөе.
Бурхан минь, би Таныг өргөмжилье.
29 ЭЗЭНд талархал өргө
Тэрээр сайн бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх.
- 118:1 1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 107:1, 136:1; Иер 33:11
- 118:6 Евр 13:6
- 118:14 Гэт 15:2; Иса 12:2
- 118:22 Лк 20:17; Үйл 4:11; 1Пт 2:7
- 118:22–23 Мт 21:42; Мк 12:10–11
- 118:25 Мт 21:9; Мк 11:9; Иох 12:13
- 118:26 Мт 21:9, 23:39; Мк 11:9; Лк 13:35, 19:38; Иох 12:13