Израилын дайснуудын мөхөл
Өгсөх дуу.

129 1 “Залуу байхаас минь тэд намайг
Олон удаа хавчин зовоосон билээ”.
Одоо Израил ийнхүү хэлэг.
2 “Залуу байхаас минь тэд намайг
Олон удаа хавчин зовоосон билээ.
Гэвч тэд намайг дийлээгүй юм.
3 Нурууг минь тариачин анжсаар хагалж,
Тэд урт шан татсан юм”
4 Харин ЭЗЭН зөвт билээ.
Гэм буруутуудын урхийг Тэрээр тасалдаг.
5 Тиймээс Сионыг үзэн ядагчид бүгдээрээ
Ичгүүрт орж, ухрах болтугай!
6 Тэд зулгаахаас өмнө хатдаг
Дээвэр дээрх өвс ногоо мэт болог.
7 Эдгээр нь хадланчийн атгыг ч,
Тариа багцлагчийн тэврийг ч дүүргэхгүй.
8 Хажуугаар өнгөрөгчид ч
“ЭЗЭНий ерөөл та нар дээр байг.
Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе” гэж хэлэхгүй.