Дайснаас аврагдахын төлөө
Удирдаачид. Давидын дуулал.

31 1 ЭЗЭН, Таны дотор би хоргодсон
Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач,
Зөв шударгаараа намайг авраач!
2 Сонор юугаа над руу хандуулан
Намайг хурдан авраач!
Миний хоргодох хад,
Намайг аврах хүчирхэг бэхлэлт минь болооч!

3 Учир нь Та миний хад,
Бат цайз минь билээ.
Нэрийнхээ төлөө Та
Намайг удирдаач, хөтлөөч!
4 Тэдний надад нууцаар тавьсан
Торноос намайг гаргаач!
Учир нь Та миний хамгаалалт билээ.
5 Таны гарт би сүнсээ даатгана.*
Үнэний Бурхан ЭЗЭН,
Та намайг зольсон.

6 Хуурмаг хоосон шүтээнүүдийг хүндэтгэгсдийг
Би үзэн ядна.
Харин би ЭЗЭНд итгэдэг.
7 Хайр энэрэлд тань би
Баясан баярлах болно.
Учир нь Та зүдүүрийг минь харсан.
Та сэтгэлийн минь зовлон шаналанг мэдсэн.
8 Та намайг дайсны гарт тушаагаагүй,
Та хөлийг минь уудам газарт тавьсан.

9 ЭЗЭН, намайг нигүүлсээч,
Учир нь би зовлон зүдүүр дунд байна.
Уй гашуугаас болж
Нүд, сэтгэл, бие минь сульджээ.
10 Учир нь амьдрал минь гаслантай хамт,
Он жилүүд минь
Санаа алдалттай цуг өнгөрчээ.
Миний хүч тэнхээ хилэнцээсa минь болж сулран
Яс минь тамирдав.

11 Бүх өстнөөсөө болж
Би хөршүүдийнхээ дунд доромжлол,
Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон.
Замд таарсан хүмүүс надаас зайлсхийнэ.
12 Үхсэн хүн шиг би
Санаанаас гаран мартагджээ.
Хагарсан сав мэт болжээ, би.
13 Учир нь, олны базаахгүй үгийг
Би сонссон.
Тал бүрд аймшиг байна.
Миний эсрэг тэд зөвлөлдөж
Амийг минь авахаар хуйвалджээ.

14 Харин, ЭЗЭН Танд би итгэдэг,
“Та миний Бурхан” хэмээн
Би хэлдэг.
15 Цаг хугацаа минь
Таны гарт байна.
Дайснуудын минь гараас
Хавчигсдаас минь намайг авраач!
16 Зарцынхаа дээр царайгаа гэрэлтүүлээч,
Хайр энэрлээрээ намайг авраач.
17 Таныг би дуудсан тул,
Намайг ичгүүр бүү болгооч, ЭЗЭН,
Гэм буруутнуудыг харин ичгүүр болгож
Үхэгсдийн оронд тэднийг дуугүй байлгаач!
18 Бардамнал, жигшилтэйгээр
Зөв шударгын эсрэг ичгүүргүй ярьдаг
Худалч уруулыг дуугүй болгооч!

19 Танаас эмээгчдэд зориулан Таны хуримтлуулсан,
Таны дотор хоргодогчдод Таны соёрхсон
Сайн сайхан тань хүний хөвгүүдийн өмнө
Хэчнээн агуу вэ!
20 Та тэднийг оршихуйнхаа нууц газарт
Хүний хуйвалдаанаас нуун
Та тэднийг хэл амны хараалаас
Майхандаа нууцалж хамгаалдаг.

21 ЭЗЭН магтагдах болтугай!
Учир нь Тэрээр бүслэгдсэн хотод
Энэрэл хайраа надад гайхамшигтайгаар үзүүлсэн
22 Би сандарч байхдаа
“Таны мэлмийн өмнөөс би таслагдлаа” гэсэн.
Гэсэн ч би Тан руу хашхирахад
Та миний гуйлтын дууг сонссон.

23 Түүний итгэмжит хүмүүс ээ,
Та нар цөмөөрөө ЭЗЭНийг хайрлацгаа!
Итгэлтнийг ЭЗЭН хамгаалдаг,
Бардамнагч хүмүүст харин
Хариуг нь элбэг төлдөг юм.
24 ЭЗЭНд найдагч хүмүүс ээ,
Тууштай байж, зүрх зоригтой байгтун.


  • 31:5: Лк 23:46
  • a31:10 ЭЗО: зовлонгоос