Ялалтын талархал
Удирдаачид. ЭЗЭН хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр энэ дууны үгээр ЭЗЭНд хандсан, ЭЗЭНий зарц Давидын дуулал.

18 1 Хүч минь болдог ЭЗЭН,
Тандаа би хайртай.
2 ЭЗЭН бол миний хад,
Миний цайз,
Миний аврагч,
Миний Бурхан,
Миний хоргодох хад,
Миний бамбай,
Миний авралын эвэр,
Миний бэхлэлт юм.
3 Магтуулах зохистой
ЭЗЭНийг би дуудаад,
Дайснуудаасаа би аврагдсан.

4 Үхлийн хүлээс намайг хэрж
Мөхлийн урсгал намайг дайрч,
5 Үхэгсдийн орны уяа намайг хэрж
Үхлийн урхинууд миний өмнө тулгарлаа.

6 Зовлон шаналан дотроо
ЭЗЭНийг би дуудаж,
Бурхандаа би хашхирсан.
Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож,
Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.

7 Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв.
Уулсын суурь ч доргив.
8 Хамраас нь утаа суунаглаж,
Амнаас нь цөлмөгч гал гарч,
Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.
9 Тэнгэрсийг бөхийлгөж
Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр
Тэр бууж ирэв.
10 Херүб хөлөглөн нисэв.
Салхин жигүүр дээгүүр элин халив.
11 Усан хар үүлсийг
Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов.
12 Түүний өмнөх гялбаанаас,
Галтай нүүрс асан шатав,
Мөндрийн үүлс цахилав.
13 ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,
Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв.a
Мөндөр болон галтай нүүрс буусан юм.
14 Тэрээр сум тавьж тэднийг бутрааж,
Аянга цахилуулж тэднийг ниргэжээ.
15 Тэгээд ЭЗЭН, Таны зэмлэл хийгээд
Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор
Далайн ёроол үзэгдэж,
Ертөнцийн сууриуд ил гарчээ.

16 Тэрээр дээрээс мутраа сунган намайг авч,
Их уснаас татан гаргав
17 Тэр намайг хүчит дайснаас минь,
Намайг үзэн ядагчдаас аврав.
Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв.
18 Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан.
Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа.
19 Тэр намайг таалсан учир
Намайг уудам газарт авчран аварсан билээ.

20 Зөв шударга явдлын минь дагуу
Намайг ЭЗЭН шагнаж
Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулсан.
21 Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан
Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.
22 Бүх тогтоол нь миний өмнө байсан.
Би зарлигуудыг нь өөрөөсөө холдуулаагүй.
23 Би Түүний өмнө гэм зэмгүй байж
Нүглээс өөрийгөө хол байлгав.
24 Түүний мэлмийн өмнө гар минь
Зөв шударга, цэвэр ариун байсан тул
ЭЗЭН надад хариулсан юм.

25 Итгэмжит хүнд Та итгэмжээ үзүүлдэг
Гэм зэмгүйд Та гэм зэмгүй ханддаг.
26 Цэвэр ариунд нь Та цэврээ үзүүлдэг,
Цэх шударга биш хүнд Та тэрс хатуугаа харуулдаг.
27 Эгэл даруу хүмүүсийг Та авардаг
Ихэмсэг харцыг Та номхотгодог.
28 Дэнлүүг минь Та асаадаг билээ.
Миний Бурхан ЭЗЭН
Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ.
29 Танаар би их цэргийг дайрч
Бурхандаа түшиглээд би
хэрмийг давж чаддаг.
30 Бурханы зам төгс төгөлдөр,
ЭЗЭНий амлалт шалгагдсан.
Түүнд хоргоддог бүхэнд
Тэрээр бамбай болдог.

31 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?
32 Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан
Замыг минь төгс болгодог.
33 Хөлийг минь Тэрээр гөрөөснийх мэт болгон,
Өөрийг минь Тэрээр өндөрлөг газарт аюулгүй суулгадаг.*
34 Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг.
Тиймээс гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.
35 Та авралынхаа бамбайг
надад өгсөн билээ.
Таны баруун мутар
намайг түшдэг
Таны тусламж намайг агуу болгосон билээ.
36 Та алхааг минь өргөсгөдөг,
Тиймээс хөл минь халтирсангүй.
37 Би дайснаа хөөж гүйцээд
Тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй.
38 Тэднийг би цохив.
Тиймээс тэд босож чадахгүй болсон
Тэд миний хөл дор унасан билээ.
39 Тулалдахад минь Та намайг хүч чадлаар бүсэлж,
Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав.
40 Та дайснуудын минь нурууг надад харуулав.
Намайг үзэн ядагчдыг би устгав.
41 Тэд тусламж эрэн хашхирсан боловч
Аврах хэн ч байсангүй,
Тэд ЭЗЭНд хашхирсан боловч,
Тэр хариу өгсөнгүй.
42 Тэгээд би тэднийг салхин дахь тоос шороо мэт бутаргав.
Би тэднийг гудамжны шавар шалбааг шиг арчиж хаяв.

43 Та намайг ард олны минь маргаанаас аварч,
Намайг үндэстнүүдийн тэргүүн болгов.
Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.
44 Намайг сонсмогцоо гаднынхан дуулгавартай дагадаг.
Миний өмнө хулмалзсаар ирдэг.
45 Гаднынхан зүрх алдсаар
Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.

46 ЭЗЭН амьд!
Миний хад дээдлэгдэх болтугай!
Авралын минь Бурхан өргөмжлөгдөх болтугай!
47 Миний төлөө өшөө авдаг Бурхан,
Хүмүүсийг миний дор захируулдаг.
48 Тэр намайг дайснуудаас минь авардаг
Эсэргүүцэгчдийн минь дээгүүр
Намайг Та үнэхээр өргөдөг юм
Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ.

49 Тиймээс ЭЗЭН Танд би
Үндэстнүүдийн дунд талархал өргөнө,
Таны нэрийг би магтан дуулна.*
50 Тэрээр хаандаа агуу ялалтыг өгч,
Өөрийнхөө тосолсон нэгэн болох
Давид болон түүний үр удамд
Хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг болой.


  • a18:13 ЭЗО: сонсогдов (мөн 2См 22:14 үз.)
  • 18:33 Хаб 3:19
  • 18:49 Ром 15:9