Үхлүүт өвчнөөс эдгэрсний төлөө талархал
ЭЗЭНий өргөөг зориулан өргөх дуу. Давидаас.
30 1 ЭЗЭН, Та намайг дээшээ өргөсөн учир
Дайснууд минь надаас болж баярлаагүй билээ.
Таныг би өргөмжилнө.
2 ЭЗЭН Бурхан минь,
Би тусламж гуйн
Тан руу хашхирсан бөгөөд
Та намайг эдгээсэн.
3 ЭЗЭН, Та амийг минь
Үхэгсдийн орноос татан гаргасан.
Намайг нүх рүү уруудуулахгүйн тулд
Та намайг амьд үлдээсэн.
4 Түүний итгэмжит хүмүүс ээ,
Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж,
Ариун нэрд нь талархал өргөгтүн!
5 Түүний хилэн агшин зуурынх,
Таалал ивээл нь насан туршийнх.
Шөнөд уйлаан байж болох ч,
Өглөөд баярын уухай ирдэг.
6 Харин би амарлингуй байдалдаа
“Би хэзээ ч ганхахгүй” гэв.
7 Тааллаараа, өө ЭЗЭН,
Та намайг уул мэт бат тогтоосон.
Та нүүрээ нуухад би тэвдсэн.
8 ЭЗЭН, Тан руу би хашхирч,
Эзэнд би гуйлтыг өргөсөн.
9 “Би нүх рүү уруудваас
Цуснаас минь ашиг юун!
Тоос шороо Таныг магтах уу?
Таны итгэмжийг тэр нь тунхаглах уу?
10 Сонсооч ЭЗЭН, намайг нигүүлсээч!
Тусламж минь болооч, ЭЗЭН!”
11 Уй гашууг минь Та
Бүжиг болгож эргүүлсэн.
Тааран хувцсыг минь тайлан
Баяр хөөрийг надад бүслүүлсэн.
12 Ингэсэн нь би дуугүй байлгүй
Сэтгэлээрээ Танд магтаалыг
Дуулахын тулд болой
ЭЗЭН Бурхан минь,
Танд би мөнхөд талархана.