Бурханы ариуныг магтахуй

99 1 ЭЗЭН захирдаг.
Ард түмэн чичрэгтүн!
Тэрээр херүбүүдийн дээр заларна.
Газар дэлхий ганхагтун!*
2 ЭЗЭН Сионд аугаа бөгөөд
Бүх ард түмний дээр өргөмжлөгдсөн.
3 Таны аугаа, сүрдмээр нэрийг
Тэд магтан дуулаг.
Тэр ариун.
4 Хүч чадлын Хаан,
Шударгыг хайрлагч Та
Чигч шударгыг батжуулсан.
Та Иаковт шүүлт ба зөвт байдлыг гүйцэлдүүлсэн.
5 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,
Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн!
Тэр ариун.

6 Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд,
Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан.
Тэд ЭЗЭНийг дуудахад Тэрээр хариулдаг байсан.
7 Үүлэн багана дундаас Тэрээр тэдэнд айлдсан
Өгсөн зарчмуудa ба зарлигийг нь тэд сахин биелүүлсэн.*

8 Бидний Бурхан ЭЗЭН,
Та тэдэнд хариулсан.
Та тэднийг уучилдаг Бурхан,
Мөн тэдний үйлдэлд өшөө авагч байсан.
9 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,
Түүний ариун ууланд мөргөгтүн!
Учир нь ЭЗЭН Бурхан маань ариун.


  • 99:1 Гэт 25:22
  • a99:7 евр. гэрчлэлүүд
  • 99:7 Гэт 33:9