Тусламж эрсэн залбирал ба талархал
Давидын дуулал.

28 1 ЭЗЭН, Тан руу би хашхирна,
Хад минь, намайг сонсохоос
Бүү татгалзаач!
Хэрэв Та дуугүй байвал би
Нүхэнд ойчих хүмүүсийн адил болно.
2 Би Тан руу тусламж гуйн хашхирах аваас,
Би гараа Таны ариун газар өөд өргөх аваас
Гуйлтын минь дууг сонсооч!

3 Буруу санаатнууд хийгээд ёс бусыг үйлдэгчидтэй хамт
Бүү намайг чирэн авч яваач!
Өнгөн дээрээ тэд хөршүүдтэйгээ эвтэй яривч
Үнэн зүрхэнд нь бузар муу байх ажээ.
4 Үйл ажлынх нь дагуу тэдэнд хариулаач.
Үйлсийнх нь бузар мууг буцаагаач.
Гараараа үйлдсэн ёсоор нь хариулаач.
Авбал зохих зүйлсээр нь тэдэнд төлөөч!*
5 Тэд ЭЗЭНий үйл хэргүүд хийгээд
Гарынх нь бүтээлүүдийг ойшоодоггүй тул
Тэр тэднийг устгана.
Тэгээд дахин босгохгүй.

6 ЭЗЭН магтагдах болтугай.
Учир нь Тэр гуйх дууг минь сонссон билээ.
7 ЭЗЭН миний хүч чадал, миний бамбай.
Зүрх минь Түүнд найдсан.
Тусыг нь би хүртсэн билээ.
Тиймээс зүрх минь баярлаж,
Түүнд дуугаараа би талархана.

8 ЭЗЭН бол Өөрийнхөө хүмүүсийн хүч чадал,
Өөрийнхөө тосолсон хүмүүсийн авралын хамгаалалт юм.
9 Хүмүүсээ аварч, өвөө ерөөгөөч!
Өөрөө тэднийхээ хоньчин нь болж,
Өнө мөнхөд тэднийгээ үүрээч!


  • 28:4 Илч 22:12