Ялалтын дуу
Давидын дуулал.
27 1 ЭЗЭН миний гэрэл ба аврал
Хэнээс би эмээх юм бэ?
ЭЗЭН миний амийн хамгаалалт
Хэнээс би айх юм бэ?
2 Миний өстөн ба дайснууд,
Ёрын мууг үйлдэгчид
Бие махбодыг минь залгихаар над руу ирвэл
Бүдэрч өөрсдөө унацгаах болно.
3 Хуаран цэрэг намайг бүслэвч
Зүрх минь үл айна.a
Миний эсрэг дайн дэгдэвч,
Энэ бүгдийн дунд би итгэлтэй байна.
4 ЭЗЭНээс миний гуйсан,
Эрэх ганцхан зүйл гэвэл
ЭЗЭНий гоо сайхныг харж, сүмд нь бясалган,
Амьдралынхаа бүхий л өдрүүдэд
ЭЗЭНий өргөөнд суух явдал билээ.
5 Учир нь зовлонгийн өдөр
Тэр намайг асартаа далдлах болно.
Майхныхаа нуувчинд намайг нуух болно.
Тэр намайг өндөр хадан дээр гаргана.
6 Тойрсон дайснуудын минь дээгүүр
Толгой юу минь өргөмжлөгдөж,
Би Түүний майханд
Баяр хөөртэйгөөр тахил өргөнө.
ЭЗЭНд би эгшиглүүлэн дуулна.
7 Сонсооч ЭЗЭН,
Дуу хоолойгоороо би хашхирна,
Намайг нигүүлсээч, надад хариулаач!
8 “Миний царайг эрэн хайцгаа!” гэхэд
Зүрх минь Танд
“ЭЗЭН, царайг тань би эрж хайя” гэв.
9 Царайгаа надаас бүү нуугаач,
Зарцаа хилэндээ бүү орхиоч!
Тусламж минь Та байсаар ирсэн,
Намайг бүү хаяач, бүү орхиоч,
Авралын минь Бурхан!
10 Эцэг, эх минь намайг орхивол
ЭЗЭН намайг тосон авна.
11 ЭЗЭН, замаа надад зааж,
Дайснуудын минь учир
Намайг тэгш жимээр удирдаач!
12 Хүчирхийллээр амьсгалагчид,
Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул
Намайг өстнүүдийн минь
Шуналд бүү даатгаач.
13 ЭЗЭНий сайн сайхныг
Амьдын газарт харна гэж би итгэсэн.
14 ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!
Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун!
Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!
- a27:3 Эзэнд итгэсээр байнам эсвэл Зүрх үл алдмуй.