Чөлөөлөлтийн төлөөх залбирал
Давидын дуулал.

25 1 ЭЗЭН, Танд би сэтгэлээ өргөдөг.
2 Бурхан минь ээ, би Танд найддаг.
Намайг ичгүүр бүү болгооч
Дайснуудыг минь надаас болж
Бүү баярлуулаач!
3 Таныг хүсэн хүлээгчдээс
Хэн нь ч ичгүүр эс болно.
Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид л ичгүүр болно.

4 ЭЗЭН, надад замуудаа мэдүүлээч!
Жимүүдээ надад зааж өгөөч!
5 Үнэнээрээ намайг дагуулж,
Намайг сургаач!
Учир нь, Та авралын минь Бурхан юм
Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээнэ.

6 ЭЗЭН, өршөөлөө болон хайр энэрлээ
Дурсан санаач!
Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ.
7 Залуу насны минь нүгэл
Алдаа зөрчлийг бүү санаач!
Хайр энэрлийнхээ дагуу намайг санаач!
Сайн чанарынхаа учир намайг санаач, ЭЗЭН!

8 ЭЗЭН сайн, зөв шударга юм
Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг.
9 Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж,
Тэдэнд замаа сургадаг.
10 Гэрээ ба зарчмыгa нь сахигчдын хувьд
ЭЗЭНий бүх жим нь
Энэрэл хайр ба үнэн юм.

11 ЭЗЭН, нэрийнхээ төлөө
Үлэмж их хилэнцийг минь уучлаач!
12 ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ?
Түүнд Тэрээр сонгох ёстой замыг нь зааварчилна.

13 Сэтгэл нь сайнд оршиж,
Үр удам нь газар нутгийг эзэгнэх болно.
14 ЭЗЭНий андлал Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг.
Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ.
15 Нүд минь үргэлж ЭЗЭН өөд хардаг
Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллана.

16 Би ганцаардан шаналсан тул
Над руу эргэж, намайг нигүүлсээч!
17 Зүрхний минь зовлон шаналан ихэслээ.
Шахаанаас намайг гаргаач!
18 Шаналал, зовлон зүдүүрийг минь харж,
Нүгэл бүхнийг минь уучлаач!

19 Дайснуудыг минь хараач!
Учир нь тэд олуулаа бөгөөд
Тэд намайг асар их хорслоор үзэн яддаг.
20 Сэтгэлийг минь хамгаалж,
Намайг авраач!
Би Таны дотор хоргоддог тул
Намайг ичгүүрт бүү оруулаач!
21 Би Таныг хүсэн хүлээдэг учир
Үнэнч шулуун шударга нь
Намайг хамгаалаг.

22 Аяа Бурхан, Та Израилыг
Алив зовлон бүхнээс нь гэтэлгэн соёрхооч!


  • a25:10 евр. гэрчлэл