Дайснаасаа ангижрах итгэлийн залбирал
Удирдаачид. Давидын дуулал, лимбэнд.

5 1 ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,
Ёолохыг минь анхаараач.
2 Хаан минь, Бурхан минь,
Хашхиран тусламж гуйхыг минь сонсооч,
Учир нь Тандаа би залбирч байна.
3 ЭЗЭН, өглөөд Та дуу хоолойг минь сонсоно.
Өглөөгүүр би Танд бараалхан, хүсэн хүлээхa болно.

4 Буруу явдлыг Та үл таалдаг Бурхан тул
Бузар муу нь Таны дэргэд байж чадахгүй
5 Сагсуурагчид мэлмийн тань өмнө үл зогсоно
Ёс бусыг үйлдэгчдийг Та үзэн яддаг
6 Та худал яригчдыг устгадаг
Цус урсгагч, залилж мэхлэгчдийг
ЭЗЭН жигшдэг.

7 Харин Таны бялхам хайр энэрлээр
Таны өргөөнд би орно.
Ариун сүмд тань би Таныг мэхийн хүндэтгэнэ.
8 ЭЗЭН, дайснуудын минь улмаас
Та намайг зөв шударгаараа хөтлөөч.
Та миний өмнө замаа тэгшитгээч.

9 Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч алга.
Зүрх сэтгэл нь хорлол, хоолой ам нь онгорхой булш,
Хэл нь зусардал зулгуйдал юм.*
10 Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач!
Өөрсдийнхөө төлөвлөгөөнд өөрсдөө унаг
Өөдөөс тань тэд тэрсэлдэг тул
Үй олон гэмт үйлдэлд нь тэднийг зайлуулаач.

11 Харин Таны нөмөрт хоргодогчид баяр хөөртэй байж,
Та хамгаалсан учир
Мөнхөд баярлан дуулаг.
Таны нэрийг хайрлагчид
Танд баясна.
12 Учир нь зөвт хүнийг ерөөдөг нь
ЭЗЭН, Та билээ.
Бамбайгаар халхлах мэт
Таалал тань түүнийг хүрээлнэ.


  • a5:3 залбирал өргөнө эсвэл тахил өргөнө
  • 5:9 Ром 3:13