Бурханы хуулийн яруу алдар
119 1 Явдал үйл нь гэм зэмгүй агаад
ЭЗЭНий хуулиар явагсад
Юутай ерөөлтэй вэ!
2 Түүний зарчмуудыгa сахин
Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад
Юутай ерөөлтэй вэ!
3 Шударга бусыг эс үйлдэнэ.
Түүний замаар явна.
4 Биднийг хичээнгүйлэн сахь гэж
Заавар журмаа Та гаргасан юм.
5 Зарлигуудыг тань сахих
Замууд минь бат тогтог!
6 Таны бүх тушаалыг анхаарч явахад
Ичгүүр надад эс ирнэ.
7 Таны зөвт шүүлтээс суралцаж
Би шулуун шударга сэтгэлээр
Танд талархах болно.
8 Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.
Намайг хэзээ ч бүү орхиоч!
9 Залуу хүн зам мөрөө
Хэрхэн цэврээр хадгалах вэ?
Таны үгийг сахиснаар хадгална.
10 Бүхий л зүрхээрээ би
Таныг эрэн хайсан.
Тушаалаас тань холдон төөрөхийг
Надад бүү зөвшөөрөөч!
11 Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Үгийг тань зүрхэндээ би хадгалав.
12 Аяа ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!
Зарлигуудаа надад заагаач.
13 Таны амнаас гарсан бүх тогтоолыг
Уруулаараа би тунхагласан.
14 Би бүх баялагт баясдагтай адил
Таны зарчмуудын замд баясдаг.
15 Би заавар журмыг тань бясалгаж,
Таны замуудыг эргэцүүлэх болно.
16 Би Таны зарлигуудад баярлана.
Би Таны үгийг мартахгүй.
17 Зарцдаа өгөөмөр хандаач!
Амьд явж, Таны үгийг сахин биелүүлье
18 Таны хуулийн гайхамшигт зүйлсийг
Надад харуулахаар нүдийг минь нээгээч!
19 Би газар дэлхийд цагаач хүн билээ.
Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач!
20 Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр
Сэтгэл минь шаналж байна.
21 Таны тушаалаас салан төөрдөг
Бардам, хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг.
22 Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.
Учир нь Таны зарчмуудыг би сахидаг.
23 Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн
Таны зарц зарлигуудыг тань бясалгадаг.
24 Таны зарчмууд миний баясал,
Миний зөвлөгчид юм.
25 Сэтгэл минь тоос шороонд дарагдав.
Үгийнхээ дагуу намайг сэргээгээч!
26 Явдлуудынхаа тухай Тандаа ярихад
Та хариулсан билээ.
27 Заавар журмааb надад заагаач!
Тушаалуудынхаа замыг ухааруулаач.
Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28 Гашуудлаас болж сэтгэл минь уйлна.
Үгийнхээ дагуу намайг хүчжүүлээч!
29 Худал хуурмаг замыг надаас зайлуулж,
Хуулиа надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч!
30 Үнэний замыг би сонгож
Өмнөө би тогтоолуудыг тань тавьсан.
31 Зарчмуудаас тань би зуурна.
ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32 Та зүрхийг минь уужруулах учир
Тушаалуудын тань замаар би гүйх болно.
33 Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа замыг надад заагаач!
Эцэс хүртэл түүнийг мөрдье,
34 Хуулийг тань мөрдөж,
Бүхий л зүрхээр сахин биелүүлэхийн тулд
Ухаарал юугаа наддаа хайрлаач!
35 Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач!
Түүнд би баярладаг билээ.
36 Зүрхийг минь олз руу бус,
Зарчмууд руугаа хандуулаач!
37 Хуурмаг хоосныг харахаас
Хоёр нүдийг минь эргүүлэн
Өөрийн замд намайг сэргээгээч!
38 Танаас эмээх айдсыг төрүүлдэг.
Өөрийн үгийг зарцдаа бататгаач!
39 Тогтоолууд тань сайн тул
Айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач!
40 Харагтун, заавруудыг тань би хүсэмжилж байна.
Зөв шударгаараа намайг сэргээгээч!
41 Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань,
Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.
42 Тэгвэл намайг буруутгадаг хүнд
Хариулах үг надад бий болно.
Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.
43 Үнэний үгийг амнаас минь
бүрмөсөн бүү аваач!
Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.
44 Ингэх аваас хуулийг тань үргэлж,
Мөнхийн мөнхөд би сахина.
45 Заавар журмыг тань хайдаг тул
Би чөлөөтэй алхах болно.
46 Таны гэрчлэлүүдийг би
Хаадын өмнө бас ярих агаад үл ичнэ.
47 Тушаалуудад тань хайртай тул
Тушаалуудад тань би баясах болно.
48 Тушаалуудад тань хайртай тул
Тушаалууд руу тань гараа өргөж,
Зарлигуудыг тань бясалгана.
49 Надад найдварыг хайрласан үг,
Зарцдаа хандуулсан үгээ санаач!
50 Таны үг намайг сэргээсэн нь
Миний зовлон зүдүүрийн дундах тайвшрал минь юм.
51 Бардам хүн намайг ихэд тохуурхдаг,
Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52 Аяа ЭЗЭН, би Таны
Эртний тогтоолуудыг санаад тайтгарлаа.
53 Таны хуулийг огоорсон гэм буруутнаас болж
Шатам их зэвүүцэл намайг барьж авлаа.
54 Миний аян замын өргөөнд
Таны зарлигууд миний дуу юм.
55 Аяа ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж,
Таны хуулийг сахив.
56 Заавар журмыг тань биелүүлэх нь
Надад ерөөл болсон юм.
57 ЭЗЭН миний хувь юм.
Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.
58 Бүхий л зүрхээр Таны ивээлийг
Би хайсан билээ.
Үгийнхээ дагуу надад нигүүлсэнгүй байгаач.
59 Би замуудаа тунгаан бодож,
Хөлөө Таны зарчмууд руу эргүүлсэн.
60 Тушаалуудыг тань биелүүлэхээр яаравчилсан бөгөөд
Үүнийгээ би хойшлуулаагүй билээ.
61 Хорон муу хүмүүсийн урхи намайг хэрсэн ч
Хуулийг тань би мартаагүй билээ.
62 Тогтоолууд тань шударга тул
Тандаа талархахаар би шөнө дунд ч босох болно.
63 Танаас эмээдэг бүх хүн хийгээд
Таны заавруудыг биелүүлдэг хүмүүсийн
Анд нөхөр нь би билээ.
64 Аяа ЭЗЭН, газар дэлхий
Таны хайр энэрлээр дүүрэн
Зарлигуудаа надад заагаач!
65 Аяа ЭЗЭН, Та үгийнхээ дагуу
Өөрийн зарцад сайнаар хандсан билээ.
66 Би Таны тушаалуудад итгэдэг учраас
Бошиг зарлигийнхаа сайныг бас мэдлэгийг заагаач!
67 Зовж шаналахынхаа өмнө би
Буруу зүгт явсан байжээ.
Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
68 Та сайн бөгөөд сайныг үйлддэг билээ.
Зарлигуудаа надад заагаач!
69 Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.
Би бүхий л зүрхээр заавруудыг тань биелүүлнэ.
70 Тэдний зүрх сэтгэл хатуурсан,
Харин би Таны хуульд баясдаг.
71 Миний зовон шаналсан нь,
Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.
72 Таны амнаас гарсан хууль надад
Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
73 Таны мутар намайг урлан бүтээсэн юм.
Тушаалуудаа надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.
74 Би Таны үгийг хүлээдэг учраас
Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.
75 Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд
Итгэмжит байдал дотроо
Та намайг дорд оруулсан гэдгийг би мэднэ.
76 Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу
Хайр энэрэл тань намайг тайтгаруулах болтугай.
77 Намайг амьд байлгахаар
Өршөөл тань надад ирэг.
Учир нь хууль тань миний баясгалан юм.
78 Намайг худал хуурмагаар завхруулсан учраас
Бардам хүмүүс ичих болтугай.
Харин би заавар журмыг тань бясалгана.
79 Танаас эмээдэг,
Таны зарчмуудыг мэддэг хүмүүс
Над руу эргэх болтугай.
80 Намайг ичгүүрт оруулахгүйн тулд
Зүрх минь Таны зарлигууд дотор
Гэм зэмгүй байх болтугай.
81 Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.
Үгийг тань би хүлээдэг.
82 “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж намайг хэлэхэд
Таны үгийн төлөө нүд минь гархилдаг.
83 Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн
Зарлигуудыг тань би мартдаггүй.
84 Таны зарцын өдрүүд хэд вэ?
Намайг хавчдаг хүмүүст Та
Хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?
85 Таны хуулийг үл дагагчид болох
Бардам хүмүүс надад нүх ухжээ.
86 Таны хамаг тушаалууд итгэмжтэй.
Намайг худал хуурмагаар хүмүүс хавчиж байна.
Надад туслаач!
87 Тэд намайг газар дэлхий дээр бараг хороох нь.
Гэвч би заавар журмыг тань огоороогүй.
88 Амнаас тань гарах зарчмыгc
Надаар сахиулахын тулд
Хайр энэрлийнхээ дагуу намайг сэргээгээч!
89 Аяа ЭЗЭН, үг тань тэнгэрт
Мөнхөд бат тогтжээ.
90 Үнэн тань үеийн үед үргэлжилдэг.
Та дэлхийг бүтээсэн, дэлхий бат оршсоор байна.
91 Тогтоолуудын тань дагуу
Эд бүгд эдүгээ бат зогсжээ.
Учир нь бүх юмс Таны боол билээ.
92 Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол
Зовлон зүдүүр дотроо би мөхөх байлаа.
93 Заавруудыг тань хэзээ ч үл мартана, би.
Үүгээрээ Та намайг сэргээсэн билээ.
94 Би Таных билээ, намайг авраач.
Учир нь би заавар журмыг тань эрэн хайсан юм.
95 Гэм нүгэлтнүүд намайг устгахаар отон хүлээдэг.
Гэвч би Таны зарчмуудыг тунгаан бодно.
96 Төгс төгөлдөр бүхэнд хязгаар байдгийг би харлаа.
Таны тушаал харин хэмжээлшгүй өргөн ажээ.
97 Хуулийг тань би юутай их хайрладаг билээ!
Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98 Тушаалууд тань намайг
Дайснуудаас минь илүү мэргэн болгодог.
Тэр нь үргэлж надтай хамт байдаг.
99 Зарчмуудd тань миний бясалгал учир
Багш нараасаа илүү ухаалаг болов, би.
100 Заавар журмыг тань сахин мөрдсөн тул
Настнуудаас ч илүү ухаарлыг олов, би.
101 Үгийг тань сахин биелүүлэхийн тулд
Бүх буруу муу замаас би хөлөө татсан.
102 Та Өөрөө надад заасан учир
Таны тогтоолуудаас би гажаагүй.
103 Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!
Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104 Таны заавруудаас би ухаарлыг авдаг.
Тиймээс би худал хуурмаг болгоныг үзэн яддаг.
105 Таны үг миний хөл дэх дэнлүү,
Миний зам дахь гэрэл.
106 Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж
Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
107 Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн.
Аяа ЭЗЭН, үгийнхээ дагуу намайг сэргээгээч.
108 Аяа ЭЗЭН, амнаас минь гарах сайн дурын өргөлийг хүлээн авч,
Тогтоолуудаа надад заагаач.
109 Амь насанд минь аюул нүүрлэсээр байна.
Гэсэн ч би хуулийг тань мартдаггүй билээ.
110 Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан ч
Заавар журмаас тань би гажаагүй.
111 Зүрхнийхээ баясгалан болгохоор
Зарчмуудыг тань би мөнхөд өв болгон авав.
112 Зарлигуудыг тань гүйцэлдүүлэхээр
Зүрх юугаа би мөнхөд, эцэс хүртэл зориулсан.
113 Хоёр санаатай хүмүүсийг би үзэн яддаг,
Хуульд тань харин би хайртай.
114 Та миний хоргодох газар ба миний бамбай
Би Таны үгэнд найдан хүлээдэг.
115 Ёрын мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун,
Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлнэ.
116 Намайг амьд байлгахын тулд
Үгийнхээ дагуу намайг дэмжин тэтгээч.
Намайг найдвараас минь болж
Ичгүүрт бүү оруулаач.
117 Би аюулгүй байж,
Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд
Намайг тэтгээч.
118 Зарлигуудаас тань төөрөлдөн одогсдыг
Та бүгдийг нь голсон агаад
Тэдний ов мэх ч дэмий хоосон билээ.
119 Дэлхийн бүх хорон санаатныг
Та хог шавхруу шиг хөсөр хаясан.
Тиймээс Таны зарчмуудыгe би хайрласан.
120 Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд
Би Таны шүүлтүүдээс айдаг.
121 Шударга ёс ба үнэн зөвийг би үйлддэг тул
Дарлагсдад маань намайг бүү тушаагаач.
122 Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.
Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.
123 Нүд минь Таны авралын төлөө хийгээд
Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.
124 Хайр энэрлийнхээ дагуу зарцдаа хандаж,
Зарлигуудаа надад заагаач.
125 Зарц тань билээ, би.
Зарчмуудыг тань мэддэг байхын тулд
Ухаарлыг надад өгөөч.
126 Тэд хуулийг тань зөрчсөн тул
ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчхээд байна.
127 Иймээс би Таны тушаалуудад
Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
128 Тиймээс би бүх заавруудыг зөвд тооцдог бөгөөд
Аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
129 Таны зарчмууд гайхамшигтай учир
Сэтгэл минь тэдгээрийг сахидаг.
130 Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж,
Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг.
131 Тушаалуудыг тань хүсэн тэмүүлж
Амаа би байдгаар нь том ангайв.
132 Нэрийг тань хайрлагсдад үйлддэг шигээ
Над руу эргэж, намайг нигүүлсээч.
133 Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож,
Ямар ч ёс бус нь намайг ноёрхохыг
Бүү зөвшөөрөөч.
134 Заавруудыг тань сахимаар байна.
Хүний дарлалаас намайг золиоч.
135 Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,
Зарлигуудаа надад заагаач!
136 Хүмүүс Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир
Нүднээс минь нулимс усны урсгал мэт урсана.
137 Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд
Таны шүүлтүүд чигч шударга.
138 Та зөв шударга ба үнэн итгэмж дотор
Өөрийн зарчмуудыгf тушаасан билээ.
139 Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас
Хичээл зүтгэл минь намайг залгижээ.
140 Таны үг маш цэвэр тунгалаг билээ.
Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
141 Дорд болж, үзэн ядагдсан ч,
Заавруудыг тань би мартаагүй.
142 Зөв шударга тань мөнхийнх
Таны хууль үнэн.
143 Шаналал шахалт надад тохиолдсон ч,
Тушаалууд тань баясал минь билээ.
144 Таны зарчмууд мөнхөд зөв шударга билээ.
Намайг амьд байлгахын тулд
Надад ухаарлыг хайрлаач.
145 Зүрхнийхээ угаас би дуудан хашхирна.
Аяа ЭЗЭН, надад хариулаач!
Зарлигуудыг тань би сахин биелүүлнэ.
146 Таныгаа би дуудан хашхирна,
Намайгаа авраач.
Таны зарчмуудыгg
Би биелүүлэх болно.
147 Үүр цайхаас өмнө босож,
Тусламж гуйн хашхирдаг билээ, би.
Үгсийг тань хүлээдэг билээ, би.
148 Үгийг тань тунгаахын тулд
Шөнийн манааны өмнө би нүдээ нээдэг.
149 Хайр энэрлийнхээ ёсоор
Дуу хоолойг минь сонсооч!
Аяа ЭЗЭН, тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч!
150 Булай явдлыг дагагчид ойртон ирж байна.
Тэд Таны хуулиас хол билээ.
151 Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд
Таны хамаг тушаалууд ч үнэн билээ.
152 Би эрт үеэс Таны зарчмуудыг мэдсэн
Та тэднийг мөнхөд бий болгосныг ухаарсан.
153 Миний зовлон зүдүүрийг харж, намайг авраач!
Хуулийг тань би мартдаггүй билээ.
154 Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч!
Үгийнхээ дагуу намайг сэргээгээч!
155 Буруу явдалтнуудаас аврал хол байдаг.
Зарлигуудыг тань тэд эрж хайдаггүй.
156 Аяа ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм.
Тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч!
157 Намайг хавчигсад ба өстнүүд олон боловч
Зарчмуудаас тань би гаждаггүй.
158 Үгийг тань сахидаггүй ов мэхтнүүдийг,
Үнэхээр би жигшдэг билээ.
159 Таны заавар журам бүрийг
Хэрхэн хайрлаж буйг минь хараач.
Аяа ЭЗЭН, хайр энэрлийнхээ ёсоор
Намайг сэргээгээч!
160 Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд
Таны зөв шударга тогтоол бүхэн мөнхийнх юм.
161 Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,
Харин зүрх минь Таны үгээс л сүрддэг.
162 Их олз олсон хүн шиг
Би Таны үгэнд баясдаг.
163 Худал хуурмагийг би үзэн ядаж жигшдэг,
Хуулийг тань би хайрладаг.
164 Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165 Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд
Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166 Аяа ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд
Таны тушаалуудыг биелүүлдэг.
167 Сэтгэл минь Таны зарчмуудыг сахидаг бөгөөд
Тэдэнд би хэмжээлшгүй их хайртай.
168 Заавар журам ба зарчмуудыгh тань би сахидаг нь
Бүх явдал минь Таны өмнө ил байдгийнх.
169 Аяа ЭЗЭН, миний дуудан хашхирах дуу
Таны өмнө хүрэг.
Үгийнхээ дагуу надад ухаарлыг хайрлаач!
170 Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч!
Үгийнхээ дагуу намайг авраач!
171 Та надад зарлигуудаа заадаг учраас
Уруул минь магтаалыг гаргаг.
172 Таны бүх тушаал зөв шударга учраас
Хэл минь Таны үгийн талаар дуулаг.
173 Заавар журмуудыг тань би сонгосон учир
Мутар тань надад туслахад бэлэн болог.
174 Аяа ЭЗЭН, авралыг тань би хүсэн тэмүүлнэм.
Хууль тань миний баясал билээ.
175 Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач!
Таны тогтоолууд надад туслаг.
176 Алдагдсан хонь мэт төөрөв, би.
Зарц юугаа хайн олооч.
Тэгэх аваас тушаалуудыг тань
Би үл мартана.
- a119:2,14,22,24,31 евр. гэрчлэлүүд
- b119:27 эсвэл үйлсээ
- c119:88 эсвэл гэрчлэл
- d119:99 евр. гэрчлэлүүд
- e119:119,125,129 евр. гэрчлэлүүд
- f119:138 эсвэл зарчим
- g119:146 евр. гэрчлэлүүд
- h119:168 евр. гэрчлэлүүд