Гутралын эсрэг залбирал
Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал. Удирдаачид: Махалат Леаннотын дагуу. Езра хүн Хеманы маскил.
88 1 Аяа ЭЗЭН, авралын минь Бурхан,
Би өдрөөр болон шөнөөр ч
Таны өмнө хашхирсан.
2 Миний залбирлыг өмнөө авчраач!
Миний хашхиралтад чихээ тавиач!
3 Учир нь сэтгэл минь
Зовлон бэрхшээлээр дүүрч
Амь минь Үхэгсдийн оронд ойртов.
4 Би нүх рүү буугчдын дунд тоологдов.a
Би хүч чадалгүй хүн адил,
5 Үхэгсдийн дунд хаягдсан,
Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон.
Үхэгсдийг Та дахин үл дурсана.
Учир нь тэд Таны мутраас таслагдсан юм.
6 Та намайг хамгийн гүнзгий нүхэнд,
Харанхуй газруудад, гүнд тавив.
7 Таны хилэн намайг хүндээр дарсан бөгөөд
Та бүх давлагаагаараа намайг зовоов. Села
8 Та танилуудыг минь надаас холдуулав.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгов.
Би түгжигдээд гарч эс чадав.
9 Зовлон зүдүүрээс болж нүд минь ч сульдана.
Аяа ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудна.
Би Тан руу гараа сунгана.
10 Үхэгсдэд Та гайхамшиг үйлдэх үү?
Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу? Села
11 Хайр энэрэл тань булшинд,
Таны үнэн Сүйрлийн газарт тунхаглагдах уу?
12 Гайхамшгууд тань харанхуйд мэдэх үү?
Зөвт байдал тань марталтын газар санагдах уу?
13 Харин ЭЗЭН, би тусламж гуйн
Тан руу хашхирна.
Өглөөд залбирал минь Таны өмнө ирэг.
14 Өө ЭЗЭН, Та юунд амийг минь хаяна вэ?
Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
15 Би залуугаасаа зовж, үхэх шахсан.
Би Таны аюумшгуудыг амсаж тэвдсэн.
16 Таны шатаж буй хилэн
Дээгүүр минь өнгөрсөн.
Таны аймшгууд намайг устгасан.
17 Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлж
Тэд хамтдаа намайг бүсэлсэн.
18 Амраг хайрт, бас анд нөхрийг Та холдуулсан.
Танилууд минь ч таг харанхуйд байна.
- a88:4 эсвэл Надад тусламж үгүй.