Тусламж эрсэн гуйлт
Бениамин хүн Кушийн талаар ЭЗЭНд дуулсан Давидын шигаион.
7 1 ЭЗЭН Бурхан минь,
Таны дотор би хоргодсон билээ.
Намайг мөшгөж буй бүгдээс
Намайг авран чөлөөлөөч.
2 Эс тэгвээс арслан мэт
Тэд намайг тасчиж,
Аврах хүнгүйд тэд намайг чирнэ.
3 ЭЗЭН Бурхан минь, хэрэв би үүнийг хийсэн бол,
Хэрэв гарт минь гэм нүгэл байгаа бол,
4 Анддаа хорон муу хариу барьж,
Өстнөө шалтаггүйгээр цөлмөсөнa бол
5 Дайсан минь намайг мөшгөн бариг.
Амийг минь тэрээр газарт гишгэлэн
Алдрыг минь тэрээр тоос шороонд унагааг. Села
6 ЭЗЭН, ууран дотроо босооч.
Өстнүүдийн минь хилэнгийн эсрэг
Өөрийгөө Та өргөөч.
Та шийтгэлийг товлосон билээ.
7 Үндэстэн хотол түмнээр
Өөрийгөө Та хүрээлүүлж,
Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.b
8 ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг.
Миний гэмгүй шударга, үнэнч байдлын минь дагуу,
ЭЗЭН, намайг зөвтгөөч.
9 Гэм буруутны хорон мууг төгсгөж,
Харин зөвт хүнийг бат тогтоогооч.
Зөв шударга Бурхан
Зүрх ба оюун бодлыг шалгадаг. *
10 Миний бамбай болсон Бурхан
Зөв шударга зүрхтнийг авардаг.
11 Бурхан шударга шүүгч бөгөөд
Өдөр бүр хилэгнэдэг Бурхан.
12 Хэрвээ хүн гэмшихгүй бол
Тэрээр илдээ ирлэнэ, нумаа хөвчилж бэлдэнэ.
13 Тэрээр бас үхлийн зэвсгүүдийг бэлтгэж
Сумаа галт сум болгоно.
14 Харагтун! Тэд хорон муугаар жирэмсэлж,
Хорсол хөнөөлийг тээгээд
Худал хуурмагийг төрүүлдэг аж.
15 Ухаж тэд нүх малтаад
Унаж өөрсдөө тэндээ ойчжээ.
16 Хөнөөл нь эргээд толгой дээр нь буужээ.
Хүчирхийлэл нь буцаад зулай дээр нь унажээ.
17 Харин би ЭЗЭНд зөв шударгынх нь учир талархаж,
Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд магтаалыг би дуулна.
- a7:4 эсвэл шударга бусаар намайг буруутгасан хүнд өршөөл үзүүлсэн
- b7:7 эсвэл Тэднийг дээрээс захираач
- 7:9 Илч 2:23