Бурхан ба шүтээний ялгаа

11 1 Бидэнд биш, өө ЭЗЭН, бидэнд биш,
Энэрэл хайр ба үнэнийхээ төлөө
Өөрийнхөө нэрд л Та алдрыг аваач.
2 “Тэдний Бурхан хаана байна?” гэж
Үндэстнүүд яагаад хэлэх ёстой билээ?

3 Бурхан маань тэнгэрт байдаг.
Тэр хүссэн бүхнээ үйлддэг.
4 Харин тэдний шүтээнүүд гэвээс мөнгө ба алт,
Хүний гарын бүтээл буюу.*
5 Амтай боловч ярьдаггүй
Нүдтэй боловч хардаггүй
6 Чихтэй боловч сонсдоггүй
Хамартай боловч үнэрлэдэггүй
7 Гартай боловч тэмтэрдэггүй
Хөлтэй боловч алхдаггүй
Хоолойгоороо ч дуу гаргадаггүй.
8 Тэдгээрийг бүтээгчид,
Тэдэнд итгэгч бүгд тэдэнтэйгээ адил юм.

9 Израил аа, ЭЗЭНд итгэгтүн.
Тусламж ба бамбай нь Тэр юм.
10 Аароны гэр ээ, ЭЗЭНд итгэгтүн.
Тусламж ба бамбай нь Тэр юм.
11 ЭЗЭНээс эмээгчид ээ,
ЭЗЭНд итгэгтүн.
Тусламж ба бамбай нь Тэр юм.

12 ЭЗЭН биднийг санасаар ирсэн,
Тэр ерөөнө.
Израилын гэрийг ерөөнө.
Аароны гэрийг ч бас ерөөнө.
13 ЭЗЭНээс эмээгсдийг
Их багагүй хамтад нь Тэр ерөөнө.*

14 ЭЗЭН та нарыг,
Та нар дээр та нарын хүүхдүүдийг ч улам өсгөх болтугай.
15 Тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс
Та нар ерөөл хүртэх болтугай.

16 Тэнгэрс бол ЭЗЭНий тэнгэрс,
Харин дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгчээ.
17 Үхэгсэд, анир чимээгүй рүү одогсод
ЭЗЭНийг магтдаггүй.
18 Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд
ЭЗЭНийг магтана.
ЭЗЭНийг магтагтун!


  • 115:4–8 Дуу 135:15–18; Илч 9:20
  • 115:13 Илч 11:18, 19:5