ЭЗЭНий цог жавхланг магтагтун!

148 1 ЭЗЭНийг магтагтун!
Тэнгэрсээс ЭЗЭНийг магтагтун!
Түүнийг өндөрт магтагтун!
2 Түүний бүх тэнгэрэлч нар аа,
Түүнийг магтагтун!
Түүний хамаг түг түмд,
Түүнийг магтагтун!

3 Нар ба сар аа,
Түүнийг магтагтун!
Гэрэлт бүх од оо,
Түүнийг магтагтун!
4 Тэнгэрсийн тэнгэр ээ,
Тэнгэрийн дээрх ус аа,
Түүнийг магтагтун!

5 Түүний тушааснаар тэд бүтээгдсэн тул
Тэдгээр нь ЭЗЭНий нэрийг магтаг.
6 Үүрд мөнхөд тэднийг байрлуулж,
Хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг Тэр гаргажээ.

7 Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун!
Далайн амьтад, оёоргүй гүнүүд,
8 Гал, мөндөр, цас, манан,
Үгийг нь гүйцэтгэдэг салхи шуурга,
9 Уулс, хамаг толгод,
Жимсний модод, хуш мод бүхэн,
10 Араатан амьтад, хамаг мал сүрэг,
Мөлхөгчид, жигүүртэн шувууд,
11 Дэлхийн хаад, хамаг хүмүүс,
Түшмэд, дэлхийн шүүгч бүхэн,
12 Залуус, онгон бүсгүйчүүд,
Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.

13 Түүний нэр эрхэм дээд
Сүр жавхлан нь газар тэнгэрсийн дээгүүр
Тиймээс тэд ЭЗЭНий нэрийг магтаг.
14 Ард түмнийхээ төлөө Тэрээр эврийг өргөмжилжээ.
Итгэмжит бүх хүмүүсийнх нь төлөө
Израил түмэн гэх Түүнд ойр хүмүүсийн төлөө
Магтагтун! ЭЗЭНийг магтагтун!